Барааны тэмдэг болон аж ахуйн нэгжийн нэр хоорондоо ялгаатай юу?

Бизнес эрхэлгчид аливаа бизнес эхлүүлэхдээ барааны тэмдэг (trademark) болон аж ахуйн нэгжийн нэр (trade name)-ийн талаар буруу ойлголттой байдаг ба хооронд нь хольж хутгах тохиолдолд бий. Энэхүү хоёр ойлголт нь хоорондоо ижил төсөөтэй юм шиг боловч тэс өөр өөр зохицуулалттай ойлголтууд бөгөөд бизнес эрхлэгчид энэ хоёр ойлголтын ялгааг мэдэж байх нь зүйтэй юм. Аливаа бизнес эхлүүлэхдээ өөрийн компани болон бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах, зах зээлд баттай байр суурь эзлэхэд аж ахуйн нэгжийн нэр болон барааны тэмдгийг сонгож, зохих журмын дагуу бүртгүүлэх нь чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс энэхүү асуудалд нухацтай хандах хэрэгтэй юм.

Аж ахуйн нэгжийн нэр гэдэг нь, энгийнээр хэлбэл, үйл ажиллагаа явуулж буй компанийн нэр юм. Харин барааны тэмдэг нь компанийн оюуны өмчийг хамгаалах нэг хэлбэр юм. Барааны тэмдэг нь лого, тэмдэг, үг, дүрс, холбоо үг, компанийн уриа эсвэл тухайн компанийг бусдаас ялгах аливаа дизайны хэлбэрээр илэрхийлэгдэж болно. Аж ахуйн нэгжийн нэр нь барааны тэмдгийн бүрэлдэхүүн хэсэг байж болно. Хэрэглэгчид хүссэн тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хайж байхдаа ихэвчлэн компанийн барааны тэмдгээр нь хайж олдог байна. Аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгээс ялгах шаардлагатай нэг чухал шалтгаан нь хэрвээ компаний өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдаас ялгаатай, онцгой байлгах үүднээс өөрийн аж ахуйн нэрийг ашиглаж эхлэх тохиолдолд компанийн аж ахуйн нэгжийн нэр нь барааны тэмдгийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн гэсэн үг юм. Энэ тохиолдолд ийнхүү ашиглаж байгаа аж ахуйн нэгжийн нэр нь зохих журмын дагуу бүртгэгдсэн барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж байх магадлалтай байдаг.

Аж ахуйн нэгжийн нэр гэж юу вэ?

Аж ахуйн нэгжийн нэрийг бүртгүүлэх нь барааны тэмдгийг бүртгүүлэхээс илүү хялбар боловч хууль зүйн үр дагавар нь өөр байдаг. Аж ахуйн нэгжийн нэр нь ердөө л таны компанийн албан ёсны нэр юм. Та компани байгуулахаар шийдсэн даруйдаа улсын бүртгэлийн газарт аж ахуйн нэгжийн нэрээ бүртгүүлэх шаардлагатай. Компаниа байгуулж, аж ахуйн нэгжийн нэрээ бүртгүүлсний дараа таны компани эрх зүйн чадвартай болно. Өөрөөр хэлбэл, ийнхүү таны компани бусадтай гэрээ, хэлцэл байгуулах болон бусад бизнесийн харилцаанд орох эрх зүйн чадвартай болсон гэсэн үг юм. Аж ахуйн нэгжийн нэрийг бүртгүүлэхийн практик дээрх ач холбогдол нь голдуу захиргааны болон бүргэлийн зорилготой байдаг. Жишээлбэл, татварын тайлан тушаах, төлөх, ажилтнуудын цалинг тооцох, төлөх, компанийн вэбсайт нээх болон бусад цахим сүлжээнд компанийн талаарх мэдээлэл байршуулах, зар сурталчилгаа байршуулах, компанийн бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, шошго дээр байршуулах гэх мэт. Аж ахуйн нэгжийн нэрийг бүртгүүлэх нь компанийн брэндийг хамгаалахаас илүүтэйгээр татварын байгууллагад таны компани, үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг бүртгэх, мэдээллээр хангах зорилготой байдаг. Хэдийгээр аж ахуйн нэгжийн нэрийн эрх зүйн хамгаалалт нь барааны тэмдгийн эрх зүйн хамгаалалтаас маш ялгаатай, өөр үр дагавартай боловч аж ахуйн нэгжийн нэрийг сонгохдоо анхаарал хандуулж, бодлоготойгоор сонгох нь чухал юм. Учир нь таны компани зах зээл дээр тодорхой байр суурь эзлэх нь нэрээ зөв сонгохоос эхлэх юм.