Барааны тэмдэг нь аж ахуйн нэгжийн нэрээс ямар ялгаатай вэ?

Бид өмнөх нийтлэлдээ барааны тэмдэг болон аж ахуйн нэгжийн нэр хоорондоо төстэй боловч хууль зүйн өөр өөр үр дагавартай болох талаар бичсэн. Энэ удаагийн нийтлэлдээ барааны тэмдгийг бүртгүүлэх нь хууль зүйн ямар үр дагавар үүсгэх тухай ярих болно.

Барааны тэмдэг нь таны компанийн брэндийн зах зээл дээрх байр суурийг баталгаажуулахад илүү их ач холбогдолтой юм.  Барааны тэмдэг нь лого, тэмдэг, үг, дүрс, холбоо үг, компанийн уриа эсвэл тухайн компанийг бусдаас ялгах аливаа дизайны хэлбэрээр илэрхийлэгдэж болно. Түүнчлэн барааны тэмдэг нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн таны компанийн аж ахуйн нэгжийн нэрээс бүрдсэн байж болно.

Барааны тэмдгийг аж ахуйн нэгжийн нэрээс тусад нь бүртгүүлэх шаардлагатай. Барааны тэмдгийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (Оюуны өмчийн газар)-д бүртгүүлдэг. Барааны тэмдгээ бүртгүүлснээр компани нь барааны тэмдгийг эзэмших, ашиглах онцгой эрх эдэлнэ. Энэ нь тухайн барааны тэмдгийг та бүртгүүлэхээс өмнө бусад компани эсвэл хувь хүн тус барааны тэмдгийг эзэмшиж, ашиглаж байгаагүй болохыг тодорхойлж байгаа бөгөөд тус барааны тэмдгийг та бүртгүүлснээс хойш бусад этгээд тус барааны тэмдгийг таны зөвшөөрөлгүйгээр ашиглахаас төр хамгаална гэсэн үг юм. Барааны тэмдгийг бүртгүүлснээр та дараах онцгой эрхийг эдэлнэ. Үүнд, бүртгүүлсэн барааны тэмдгийг ашиглах, хувилах, ашиг хүртэх, бусдад ашиглуулах, шилжүүлэх, мөн бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах зэрэг багтана. Ийнхүү барааны тэмдгийг бүртгүүлэх нь таны бизнесийн (компанийн) онцлог чанарыг илтгэх оюуны өмчийг хамгаалах юм. Дээр дурдсаны дагуу таны аж ахуйн нэгжийн нэр нь бүртгэгдсэн барааны тэмдгийн бүрдэл хэсэг байж болно. Бусад этгээд таны зөвшөөрөлгүйгээр бүртгэгдсэн барааны тэмдгийг ашигласан, бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан бол та уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, эрхээ хамгаалуулахаар бусад хууль зүйн арга хэмжээ авах эрхтэй юм.

Барааны тэмдгийн мэдүүлгийг та өөрөө болон компанийн эрх бүхий албан тушаалтан, эсвэл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч (ОӨИТ)-өөр төлөөлүүлэн гаргаж болно. Барааны тэмдгийн мэдүүлгийг ОӨИТ-өөр төлөөлүүлэн гаргах нь хэд хэдэн давуу талтай байдаг. Тухайлбал, барааны тэмдгийн мэдүүлгийг зохих журмын дагуу бүрэн мэдүүлэхээс гадна ОӨИТ нь барааны тэмдгийн мэдүүлгийг гаргахаас өмнө тухайн барааны тэмдгийг бүртгүүлэхээр өөр этгээд мэдүүлэг гаргасан эсэх, барааны тэмдгийг өөр этгээд бүртгүүлсэн, эзэмшиж байгаа эсэхийг давхар нягтлан шалгадаг.