Үнэт цаасыг анх удаа нийтэд санал болгох буюу IPO хийх

Сүүлийн жилүүдэд дотоодын хэд хэдэн компани IPO хийж хувьцаагаа нийтэд амжилттай арилжиж хувьцаат компани болсон. Энэ нь компаниуд болон олон нийт (хөрөнгө оруулагчид)-ийн IPO-н талаарх мэдлэг болон сонирхол ихэсэж байгааг харуулж байна.

IPO (Initial Public Offering) буюу үнэт цаасаа нийтэд санал болгох гэдэг нь хөрөнгийн анхдагч зах зээлд компани үнэт цаасаа (хувьцаагаа) арилжаалж/худаддаж улмаар санхүүжилт татан төвлөрүүлэх процесс юм. IPO-г голдуу үйл ажиллагаа нь өргөжин тэлж байгаа компаниуд хөрөнгө санхүүжилт татан төвлөрүүлэх зорилгоор хийдэг. Түүнчлэн хөлөө олсон томоохон компаниуд (ХХК) нээлттэй хувьцаат компани болох зорилгоор мөн IPO хийх боломжтой юм. IPO хийхээс өмнө компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэртэй байх бөгөөд цөөн тооны хөрөнгө оруулагчтай байдаг. Тэдгээр нь ихэнхдээ компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчид болон мэргэжлийн хөрөнгө оруулагчид байдаг. Харин IPO хийсний дараа компани нь хувьцаат компани хэлбэртэй болж өөрчлөн байгуулагддаг бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгддэг. IPO хийснээр компани хувьцаагаа нийтэд санал болгож, харин компанийн хувьцааг эзэмших хүсэлтэй аливаа хөрөнгө оруулагч (хувь хүн болон хуулийн этгээд) нь компанийн хувьцааг худалдан авахад нээлттэй байдаг. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар компани хувьцаагаа худалдахаар 50 ба түүнээс дээш тооны хөрөнгө оруулагчид танилцуулах, сурталчлах замаар санал болгох журамтай байдаг.

Компани буюу үнэт цаас гаргач нь IPO хийхдээ андеррайтерийн тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компанитай гэрээ байгуулж, тухайн андеррайтер нь нэгж хувьцааны үнэ, нийтэд санал болгон худалдах хувьцааны тоо, нийтэд санал болгох хугацааг тодорхойлох зэрэг компанийн үнэт цаасыг нийтэд санал болгон гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ. Компани нь IPO-г холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу тодорхой дараалалтай хийнэ. Андеррайтер нь IPO хийх бүх үе шатанд компанид мэргэжлийн туслалцаа, үйлчилгээгээ үзүүлдэг. IPO хийхэд юуны түрүүнд хөндлөнгийн багийг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд анддеррайтер, хуулийн фирм, аудитын компани, үнэлгээний компани болон бусад шаардлагатай мэргэжилтэн, мэргэжлийн шинжээчид багтаж болно. Тус хөндлөнгийн баг нь компанийн санхүүгийн тайлан, мэдээлэл, хэтийн бизнес төлөвлөгөө, компанийн дүрэм, журам болон компанийн засаглалын баримт бичиг зэрэг компанийн бүхий л баримт бичиг, мэдээллийг цуглуулж, компанийн үнэт цаасны танилцуулга, холбогдох хуулийн, аудитын, хөрөнгийн үнэлгээний дүнгэлтүүд болон бусад шаардлагатай баримт бичгийг гүйцэтгэж, бүрдүүлж өгдөг байна. Тэдгээр үнэт цаасны танилцуулга болон бусад шаардлагатай баримт бичгийг Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-нд бүртгүүлнэ. СЗХ-нд бүртгүүлсний дараа компани хувьцаагаа нийтэд санал болгож худалдах боломжтой болдог.

IPO хийх нь компанийн хувьд санхүүжилт татан төвлөрүүлэх, түүнчлэн компанийн үйл ажиллагааны цар хүрээг тэлэх сайхан боломжийг олгодог. Гэхдээ үүнд өөрийн давуу тал болон дутагдлууд байдаг. Тиймээс IPO хийхээр сонирхож байгаа бол нэн тэргүүнд бүхий л шаардлагатай судалдаа, тооцоолол, дүн шилжилгээг хийх нь зүйтэй юм. Ингэхдээ СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй андеррайтер, хуулийн фирм, аудитын компани болон үнэлтгээний компаниас мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авахыг зөвлөж байна.

Манай хуулийн фирм нь СЗХ-нд бүртгэлтэй ба манай хуульчид СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй болно. Манай хуульчид танд шаардлагатай хууль зүйн зөвлөгөө, туслалцааг үзүүлэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *