Ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн ажилтныг ажлаас халахыг бүү яараарай

Саяхан үйлчлүүлэгч маань бидэнд хандан ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн ажилтныг ажлаас халахад Хөдөлмөрийн тухай хуульд ямар үндэслэл заасан байдаг вэ гэж асуусан юм. (хөдөлмөрийн гэрээний төрлүүдийн тухай манай өчигдрийн нийтлэлийг уншина уу).

Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг заасан байдаг. Хуулийн 40-р зүйлийн 40.1.2-т заасны дагуу ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны Улсын Дээд шүүхийн 33-р тогтоолд дээрх зүйл заалтыг тайлбарласан байдаг. Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Мөн боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасан байна. Иймд ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг тусгайлсан комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрийг үндэслэн тогтоосон байх шаардлагатай юм.

Дээр дурдсаны дагуу ажилтан нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй байгааг салбарын эсвэл тухайн аж ахуйн нэгж, байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс тогтоож энэ талаар албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх ёстой юм. Ажил олгогч нь ийнхүү ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг зохих журмын дагуу тогтоохгүйгээр хуулийн 40-р зүйлийн 40.1.2-г үндэслэн ажилтныг халах тохиолдолд ихэвчлэн ажилтан ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргадаг. Практикт ийм маргааныг шүүх ажил олгогч нь ажилтныг буруу буюу үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэн ажилтны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэдэг байна. Улмаар ажил олгогч ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн авах, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүрэг хүлээнэ.

Иймд ажил олгогч нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссыг зохих журмын дагуу байгуулах, эсвэл салбарынхаа зохих комиссоор ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг тогтоолгосон байх шаардлагатай юм. Комисс нь мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох үйл ажиллагааг нийт ажилтнуудын дунд зохих журмын дагуу явуулах, гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэж байгаа эсэх тухай албан ёсны дүгнэлт, шийдвэрийг ажилтан бүрд танилцуулах, ажилтны саналыг авах зэрэг үйл ажиллагааг явуулсан байх нь зохимжтой.

Комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрийг үндэслэн ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлсэн бол энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх ёстой бөгөөд ажилтнаар гарын үсэг зуруулж, баталгаажуулсан байх шаардлагатай. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа энэ тухай шийдвэр (тушаал, захирамж) гаргах ба шийдвэрт ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож (ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ), ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг заана. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг, түүнээс дээш хугацаааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.

Хэрвээ ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2-г үндэслэн ажилтныг ажлаас халах гэж байгаа бол эхлээд дээр дурдсан алхмуудыг биелүүлсэн эсэхээ шалгах нь чухал юм. Учир нь бодит байдал дээр ажил олгогч энэ асуудлыг ихэвчлэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журмаар зохицуулж, ажлын гүйцэтгэл нь хангалтгүй үнэлгээ авсан бол хуулийн 40-р зүйлийн 40.1.2-г үндэслэн ажилтныг халдаг. Гэтэл ийнхүү халж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөд халагдсан ажилтан ихэнх тохиолдолд шүүхэд гомдол гаргах шалтгаан болдог. Улмаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон болохыг ажил олгогч шүүхэд нотолж чадахгүй бол шүүх ажилтны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдлууд их бий.

Дараагийн нийтлэлүүддээ бид Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бусад үндэслэлүүдийн талаар мэдээлэх болно.