Банкны баталгаа – худалдааны санхүүжилтын хэрэгсэл

Бид өмнөх нийтлэлдээ олон улсын худалдаанд нийтлэг хэрэглэгддэг худалдааны санхүүжилтын хэрэгслүүдийн нэг болох аккредитивын тухай бичсэн. Харин энэхүү нийтлэлдээ худалдааны санхүүжилтын бас нэгэн хэрэгсэл болох банкны баталгааны тухай бичих болно.

Банкны баталгаа гэдэг нь санхүүгийн байгууллагаас, ихэвчлэн банкнаас, олгодог баталгааг хэлдэг. Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгэгчийн (худалдан авагчийн) өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хэрвээ үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд банк түүний өмнөөс төлбөрийг төлнө гэсэн үг юм.

Банкны баталгаа болон аккредитив хоёр нь хоорондоо их төстэй боловч хоёр өөр санхүүжилтын хэрэгсэл юм. Аккредитивын гэрээний дагуу хоёр тал гэрээний дагуу үүргээ харилцан биелүүлэх баталгаа болж өгдөг бол банкны баталгааны гэрээний дагуу хэрвээ үүрэг гүйцэтгэгч тал гэрээний дагуу үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд банк үүрэг гүйцэтгүүлэгчийг хохиролгүй болгодог байна. Аккредитивын гэрээг ихэвчлэн олон улсын худалдаанд хэрэглэдэг бол банкны баталгааны гэрээг голдуу үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ, хэлэлцээр болон дэд бүтцийн төслүүдэд хэрэглэдэг.

Банкны баталгааны гэрээгээр банкны хүлээх үүрэг, эрсдэл нь аккредитивын гэрээгээр хүлээх үүрэг, эрсдлээс илүү байдаг. Банкны баталгааны гэрээгээр аккредитивын адил үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөр төлөгдөх баталгаа өгдөг. Гэхдээ аккредитиваас ялгаатай нь зөвхөн үүрэг гүйцэтгэгч үүргээ гэрээний дагуу биелүүлж чадахгүй тохиолдолд төлбөрийг түүний өмнөөс гүйцэтгэдэг. Энэ нь гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талд хохирол учруулах эрсдлээс сэргийлж өгдөг байна.

Банкны баталагаа нь шууд ба шууд бус гэх мэт төрлүүдтэй байдаг. Банкууд гадаадын болон дотоодын компаниудад ихэвчлэн шууд банкны баталгаа гаргаж өгдөг. Шууд банкны баталгаа гэдэг нь банкны баталгааг үүрэг гүйцэтгүүлэгчид банк шууд гаргаж өгөхийг хэлдэг байна. Шууд банкны баталгааны гэрээний дагуу баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэдэг. Банкны баталгааг хүмүүс ихэвчлэн олон улсын худалдаа, гүйлгээнд хэрэглэдэг. Учир нь банкны батлагааг бусад (гадаад) улсын хууль тогтоомжид нийцүүлэхэд илүү уян хатан, гүйцэтгэхэд илүү хялбар байдаг байна. Шууд бус банкны баталгааг ихэвчлэн үүрэг гүйцэтгүүлэгчээр аль нэг улсын төрийн байгууллага эсвэл агентлаг оролцож байгаа экспортын гүйлгээнд хэрэглэдэг байна.

Банк нь баталгаа гаргахдаа тодорхой хэмжээний эрсдэл, үүрэг хүлээдэг учраас баталгаа гаргуулах хүсэлт гаргасан этгээдийг маш нарийн шалгаж, судалдаг. Үүрэг гүйцэтгэгч нь төлбөрийг эргэн төлөх чадвартай болохыг тогтоосны дараа баталгаа гаргагч банк нь гэрээгээр хүлээх өөрийн хариуцлагын хэмжээ, хязгаарыг тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл баталгаа гаргагч банкны хүлээх хариуцлага гэрээнд заасан хэмжээгээр хязгаарлагдана. Ийнхүү хүлээх эрсдлийн хягзаарыг тогтоосноор банкны эрх, ашиг хамгаалагддаг. Ингэснээр банк төлбөрийн чадвартай харилцагчид банкны баталгаа гаргаж өгдөг байна.