Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах шинэчилсэн журам батлагдлаа (хэсэг 2)

Бид өмнөх нийтлэлдээ танилцуулсан Маргаан шийдвэрлэх комисс (“комисс”)-ын ажиллах журам болон өмнө нь мөрдөгдөж байсан журмын онцлох ялгаа, журмын шинэ нэмэлт өөрчлөлтүүдийг энэхүү нийтлэлдээ үргэлжлүүлэн танилцуулж байна.

Шинэчилсэн журмын дагуу маргаан хянан шийдвэрлэх комиссын хуралдааныг комиссын дарга даргалах ба түүнийг эзгүйд даргын үүрэг болгосноор түүний үүргийг түр гүйцэтгэх комиссын аль нэг гишүүн даргалж, гишүүдийн олонхи оролцсоноор хурлыг хүчинтэй тооцох юм байна. Хуралдаанд комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах (батлах) эрхтэй оролцох бөгөөд Оюуны өмчийн газар (ОӨГ)-ын дарга зөвлөх эрхтэйгээр оролцож болно. Энэ тохиолдолд хэлэлцэж байгаа асуудлын талаар ОӨГ-ын даргын саналыг заавал сонсоно. Комиссын нарийн бичгийн даргад комиссын дотоод ажлыг хариуцах, хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдааны тэмдэглэлийг хөтлөх үүргийг шинээр нэмж оногдуулсан байна.

Өмнөх журмын дагуу комиссын шийдвэр нь дүгнэлт, тогтоол гэсэн хоёр хэлбэртэй байсан бол шинэчилсэн журмын дагуу зөвхөн тогтоол хэлбэртэй байхаар зохицуулсан байна. Тогтоолыг 7 хоногийн дотор ОӨГ-ын даргад хүргүүлж, ОӨГ-ын дарга уг тогтоолыг 3 хоногийн дотор тушаалаараа баталгаажуулна. Хэрвээ тогтоолыг баталгаажуулах үндэслэлгүй гэж үзвэл шалтгааныг тодорхой тусгасан тайлбарын хамт комисст буцаана. Комисс нь ОӨГ-ын тайлбарыг хуралдаанаараа хэлэлцэн хүлээн зөвшөөрвөл гаргасан тогтоолоо өөрчлөх, эсвэл эс зөвшөөрвөл тогтоолоо ОӨГ-ын даргад хүргүүлж шийдвэрлүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргах юм байна. Комиссын дарга тогтоолыг хуралдаанд танилцуулснаар хүчин төгөлдөр болно.

Шинэчилсэн журамд комиссын хэрэгжүүлэх бүрэн эрх, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас комиссын гишүүнийг татгалзан гаргах үндэслэл зэрэг зохицуулалтуудыг шинээр нэмж тусгасан байна. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас комиссын гишүүнийг журамд заасан үндэслэлээр татгалзан гаргасны улмаас комиссын хуралдааны ирц бүрдэхгүй тохиолдолд ОӨГ-ын дарга тухайн тодорхой маргааныг хянан шийдвэрлэх комиссыг томилох юм байна.