Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах шинэчилсэн журам батлагдлаа (хэсэг 1)

2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц өөрчлөгдөж, Оюуны өмчийн газар (ОӨГ) болон Улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн хоёр тусдаа агентлаг болон хуваагдаж, тус тусын чиг үүргээр ажиллах болсон. Ийнхүү хуваагдсанаас хойш ОӨГ нь өөрийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж шинэчлэх, зарим дүрэм журмыг шинэчлэх, тухайлбал Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмыг шинэчлэн батлуулах ажлуудыг хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ОӨГ-ын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын үйл ажиллагаа тодорхой бус хугацаагаар зогссон байсан.

2019 оны 2-р сарын 13-ны өдрийн А/26 тоот Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ОӨГ-ын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисс (“комисс”)-ын ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байна. Тус шинэчилсэн журам болон өмнө нь мөрдөгдөж байсан журмын онцлох ялгаа, журмын шинэ нэмэлт өөрчлөлтүүдийг танилцуулъя.

Хуучин журмаар комиссын дарга, нарийн бичгийн даргыг ОӨГ-ын дарга томилж, маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай шийдвэр гаргах бүр комиссын дарга комиссын бүрэлдэхүүнийг томилдог байсан ба комиссын бүрэлдэхүүний тоог тодорхой заагаагүй байсан. Шинэчилсэн журмын дагуу комисс нь орон тооны бус байх бөгөөд нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй байх юм байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 2-р сарын 13-ны өдрийн А/26 тоот тушаалаар комиссын байнгын бүрэлдэхүүнийг баталж, комиссын дарга, нарийн бичгийн дарга болон 9 гишүүдээс бүрдсэн байна. Комиссын шинэ бүрэлдэхүүнд ОӨГ-ын мэргэжилтэн, байцаагч нараас гадна Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн, хуулийн сургуулийн багш, ОӨГ-ын судлаач зэрэг багтсан нь онцлог байна.

Шинэчилсэн журам нь Патентийн тухай хуулийн 28-р зүйлийн 28.1-д заасан хохирлыг нөхөн төлүүлэх, бүтээл ашигласны төлбөр гаргуулахтай холбоотой маргааны шийдвэрлэхэд үйлчлэхгүй юм байна. Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32-р зүйлийн 32.1.4-т заасан барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг мөн эсэхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай хүсэлтийг хуучин журмаар хянан шийдвэрлэдэггүй байсныг өөрчилж, шинэ журмаар хянан шийдвэрлэх боломжтой болжээ.

Өмнө нь оюуны өмчтэй холобоотой гомдол, хүсэлтийг комисст бичгээр гаргаж, комиссын дарга хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх тухай шийдвэр гаргадаг байсан. Шинэчилсэн журмын дагуу оюуны өмчтэй холбоотой гомдол, хүсэлтийг комиссын даргад бичгээр гаргах бөгөөд комиссын дарга хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор комиссын аль нэг гишүүнд хуваарилж, тус гишүүн нь ажлын 10 хоногийн дотор даргад саналаа танилцуулна. Тус гишүний саналыг үндэслэж комиссын дарга маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх тухай шийдвэр гаргах юм байна.

Өмнө нь маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх шийдвэр гарснаас хойш Патентын тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу 6 сарын дотор хянан шийдвэрлэдэг байсан бол шинэчилсэн журмын дагуу энэхүү хугацаа богиноссон байна. Шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзвэл комиссын дарга уг хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болохоор зохицуулсан байна.