Санхүүжилтийн нэг хэлбэр болох факторингийн талаар

Факторинг гэдэг нь бусдын авлагыг худалдан авах буюу факторын үйлчилгээ үзүүлэгч-фактор нь өөрийн харилцагчаас тухайн харилцагчийн хэрэглэгч буюу худалдан авагчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээний харилцагчид төлөгдөх ёстой хүлээгдэж буй мөнгөн төлбөрийн хүрээнд харилцагчаас тухайн авлагыг (хүлээгдэж буй нэхэмжлэлийн шаардлагыг) худалдан авч, харилцагчдаа урьдчилгаа төлбөр хийх санхүүгийн үйлчилгээний нэг төрөл юм.

Факторинг нь нэг ёсондоо харилцагч өөрийн хэрэглэгч буюу худалдан авагчаас авах ёстой авлагыг ашиглан эргэлтэд оруулж, санхүүжилт татах нэг хэлбэр юм. Харилцагч компани нь өөрийн хүлээгдэж буй нэхэмжлэлийн шаардлагыг (авлагыг) факторт худалдсан үнийн дүнгээр санхүүжилт авна гэсэн үг. Факторын харилцагч компанид шилжүүлэх санхүүжилт буюу авлага худалдан авах үнийг тухай авлагын эргэн төлөлтийн хугацаанаас хамаарч тодорхойлдог. Факторын үйлчилгээ үзүүлэгч-фактор нь ихэвчлэн тохиролцсон үнийн 70-с 90 хувийг харилцагч компанид урьдчилан шилжүүлдэг. Авлагыг харилцагч компанийн хэрэглэгч буюу худалдан авагчаас бүрэн нэхэмжилж авсны дараагаар фактор нь өөрийн үйлчилгээний хөлсийг суутган үлдэгдэл хэсгийг харилцагч компанид шилжүүлдэг байна.

Энэ төрлийн санхүүжилтийн хэлбэр нь банкнаас зээл авах зэргээр удаан хугацаагаар хүлээх, олон шат дамжлагаар орох шаардлагагүйгээр богино хугацаанд маш түргэн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг татах боломжийг өгдөг байна. Банкнаас зээл авахын тулд тухайн компани нь үйлдвэр, тоног төхөөрөмж, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг эсвэл бүр компанийн хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгийг хүртэл барьцаалах шаардлагатай байдаг бол факторингийг үйлчилгээг авахад зөвхөн өөрийн хүлээгдэж буй нэхэмжлэлийн авлагыг “барьцаалахад” л хангалттай байдаг.

Факторингийн үйлчилгээ нь компанийн гацаанд орсон хөрөнгийг эргэлтэд оруулахад тусалдаг. Компаниуд өөрийн хүлээгдэж буй нэхэмжлэлийн авлагыг эргэлтэд оруулснаар эргэлтийн хөрөнгөө хэрхэн нэмэгдүүлэх, эргэн төлөлтийн хуваарь зэрэгт санаа зовох шаардлагагүй болдог байна. Түүнчлэн хэрэглэгч буюу худалдан авагчдаасаа авлагаа шаардах, цуглуулахад цаг заваа зарцуулах шаардлагагүйгээр харин бизнесээ хэрхэн хөгжүүлэх, сайжруулахад анхаарлаа төвлөрүүлэх боломж бүрддэг байна.

Факторингийн үйлчилгээ нь бусад улс оронд өргөнөөр хэрэглэгддэг боловч Монголд хараахан тийм ч их дэлгэрээгүй санхүүгийн үйлчилгээ юм. Хэдийгээр Монголд факторингийн үйлчилгээний хуулийн зохицуулалт нь холбогдох хууль тогтоомжид хуульчлагдсан байдаг боловч энэ төрлийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ тун бага болоод факторингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ч мөн цөөн байдаг. Гэхдээ олон улсын бизнес, худалдаа наймаа хурдацтай хөгжиж байгаа өнөө үед санхүүгийн байгууллагуудын хувьд факторингийн үйлчилгээг үзүүлэх нь бизнесийн шинэ боломж гэж бодож байна.