Монгол дахь дотоодын арбитрын ажиллагаа

Манай Монгол хуульчид ихэвчлэн олон улсын хэмжээнд бизнес эрхлэгч үйлчлүүлэгчдэд хуулийн туслалцаа үзүүлдэг. Манай үйлчлүүлэгчдийн асуудаг асуултуудын нэг нь Монголд дотоодын арбитрын үйл ажиллагаа хэрхэн явагддаг тухай юм.

Дотоодын арбитрын ажиллагаа гэж олон улсын арбитрын ажиллагаанаас бусад арбитрын ажиллагааг олгоно. Талууд гэрээтэй холбоотой маргаанаа дотоодын арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон ба энэ тухай гэрээндээ тусгасан байвал энэхүү гэрээтэй холбоотой аливаа маргааныг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитраар Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.

Талууд өөрөөр тохиролцоогүй бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үйл баримт, тайлбарыг бичгээр гаргаж, хариуцагч нь тэдгээртэй холбоотой тайлбараа нотлох баримтын хамт талуудын тохиролцсон эсхүл арбитрын бүрэлдэхүүнээс тогтоосон хугацаанд гаргаж өгнө. Талууд арбитрын хэрэг үүсгэсэн тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Монголын олон улсын арбитрчдын нэрсийн жагсаалтаас арбитрчаа томилох эрхтэй. Талууд тогтоосон хугацаанд томилоогүй тохиолдолд Арбитрын дарга арбитрчийг томилно. Үүний дараа арбитрын хэрэг хянан шийдвэрлэх журам тогтоох урьдчилсан хуралдааныг товлох бөгөөд хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Талуудын хооронд арбитрын хэлэлцээр хийгдсэн эсэх,
  • Арбитрын харьяаллын маргаан мөн эсэх,
  • Арбитрын ажиллагаа, хуралдаан явуулах газар,
  • Маргаан шийдвэрлэхэд болон ажиллагаанд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээ,
  • Арбитрын ажиллагаа явуулах хэл,
  • Арбитрын үндсэн болон нэмэлт зардал,
  • Гэрч дуудах, шинжээч томилох, хэлмэрч, орчуулагч оролцуулах, нотлох баримт гаргуулах гэх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх,
  • Арбитрын хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх,
  • Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны тов зэрэг.

Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааныг талуудын тохиролцсон журам, Арбитрын тухай хууль болон хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд заасны дагуу явуулж арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ гаргана.

Нэмэгдсэн өртгийн албан татварын Монгол дахь зохицуулалт

Манай монгол хуульчид сүүлийн үед компанид Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлага, түүнд хэрхэн бүртгүүлэхэд нь зөвлөгөө өгч байгаа. Энэхүү нийтлэл нь тэрхүү үйл ажиллагааны явцад үүссэн асуултуудад хариулах болно.

Монгол Улсад 50 сая буюу түүнээс дээш төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ борлуулсны орлого олсон хувь хүн, хуулийн этгээд эсвэл гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар нь НӨАТ суутган төлөгч байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу тэд албан татварыг татвар төлөгчөөс ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй. Харин НӨАТ төлөгч нь бараа, ажил үйлчилгээний эцсийн хэрэглэгч бөгөөд албан татварын зардалд хариуцлага хүлээдэг. Хэрэв хувь хүн, хуулийн этгээд нь татвар суутган төлөгчийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд орлогын дүн 50 сая төгрөгөөс хэтэрснээс хойш ажлын 10 хоногийн дотор холбогдох татварын албанд ирүүлэх ёстой. Татварын эрх бүхий байгууллага ажлын 3 хоногийн дотор хянан үзээд бүртгэлийг баталгаажуулж гэрчилгээ олгоно.

НӨАТ-ыг Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсад импортоор оруулах бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10%-аар ногдуулна. Харин дараах ажил үйлчилгээнд ногдуулах албан татварын үнэлгээ “0”-тэй тэнцүү байна.

  • Бүх төрлийн бараа, ажил үйлчилгээний экспорт
  • Олон улсын тээврийн үйлчилгээ
  • Олон улсын агаарын тээвэртэй холбоотой үйлчилгээ
  • Монгол Улсад оршин суугаагүй гадаадын иргэдэд үзүүлсэн үйлчилгээ
  • Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн экспорт

Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан орлогыг тухай бүрд буюу орлогыг хүлээн авсан өдөр, төлбөрийн баримт, нэхэмжлэл үйлдсэн өдөр эсхүл бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдрөөр тогтооно.

2016 онд НӨАТ-ын тухай хууль шинэчлэн батлагдсанаас хойш цахим мэдээллийн нэгдсэн системийг ашиглан мэдээллийг төвлөрсөн байдлаар ашиглах болсон. Системд бүртгэгдсэн татвар суутган төлөгчид системд бүртгүүлж хэрэглэгчийн дансаар нэвтрэн өөрийн мэдээллийг оруулж байх ёстой.

Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг  Монгол Улсад байгуулах тухай

Манай Монголын хуульчид сүүлийн хэдэн сарын хугацаанд Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг Монголд байгуулах талаар хэд хэдэн асуултыг үйлчлүүлэгчээсээ хүлээн авлаа. Доорх жишээнд хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын талаарх Монгол Улсын хууль тогтоомжийн ерөнхий зохицуулалт, шаардлагуудыг авч үзье.

Гадаадын компанийн төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд Монгол Улсад бие дааж үйл ажиллагаа явуулахгүй. Төлөөлөгчийн газар нь түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэлцэл хийх зэрэг төлөөллийн үйл ажиллагааг тусгайлан баталсан журмын дагуу явуулна. Төлөөлөгчийн газар нь өөрийн гэсэн дүрэмтэй байх боловч үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг толгой компани хариуцна. Төлөөлөгчийн газрын удирдлагыг компанийн төлөөлөн удирдах зөвлөл томилох бөгөөд тэдгээр нь компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг.

Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай байдаг. Хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг 2 жилийн хугацаатай улсын бүртгэлд бүртгэх бөгөөд төлөөлөгчийн газрын зорилго бүрэн биелэгдээгүй, түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагатай гэж гадаадын хуулийн этгээд үзвэл цаашид анх олгосон хугацаатай адил хугацаагаар сунгаж болно.

Бүртгэлийн тухай хуулийн дагуу төлөөлөгчийн газрыг байгуулсан компани эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах баримт бичгийг бэлтгэнэ.

  • Өргөдлийн маягт
  • Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар
  • Төлөөлөгчийн газар байгуулах тухай болон удирдлагыг томилсон шийдвэр, тогтоол,
  • Төлөөлөгчийн газрын журам
  • Төлөөлөгчийн газрын удирдлагаар томилогдсон этгээдийн гадаад паспорт
  • Хаягийн нотлох баримт
  • Татварын албаны тодорхойлолт

Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл манай хуулийн фирмийн хуульчид танд туслалцаа үзүүлэхэд нээлттэй байна. 

Монгол Улсад апостиль гэрчилгээ авах

Саяхан манай үйлчлүүлэгчдийн нэг апостиль гэрчилгээний талаар болон Монгол улсын баримт бичигт хэрхэн апостиль хийлгэх тухай зөвлөгөө, үйлчилгээ авахыг хүслээ.

Апостиль гэрчилгээ гэдэг нь улс орны албан баримт бичиг хууль ёсны бөгөөд үнэн зөв болохыг баталгаажуулахад хэрэглэгддэг тусгай гэрчилгээ юм. 1961 онд Гаагийн Олон Улсын Хүний Эрхийн Хурлаар Гаагийн конвенци буюу Апостиль гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр, нэгдэн орсон нэг улсын албан баримт бичгийг гэрээнд гарын үсэг зурсан бусад улс оронд хүлээн зөвшөөрөх болсон юм.

Монгол Улс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 1961 оны Апостиль конвенцид нэгдэн орсон. Энэ нь Монгол Улсын албан ёсны баримт бичиг, тэдгээрийн орчуулга болон бусад шаардлагатай баримт бичгийг гадаад улсад хэрэглэх тохиолдолд тухайн баримт бичигт баталгаажуулалт хийж, Апостиль гэрчилгээ олгох боломжийг бий болгосон. Ингэснээр Гааг Апостиль конвенцийн гишүүн 121 оронд цаашид ямар нэгэн баталгаа шаардахгүйгээр баримт бичгүүд хүчин төгөлдөр байна.

Апостиль нь төрсний гэрчилгээ, шүүхийн шийдвэр эсвэл засгийн газар, төрийн захиргааны байгууллага, шүүх, прокурор, боловсролын байгууллагаас гаргасан бусад баримт бичигт зурсан гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрхтэй эсэх, дарсан тамга, тэмдэг нь үнэн зөв болохыг баталгаажуулдаг бөгөөд баримт бичгийг Гадаад харилцааны яамны Консулын газар гаргана.

Апостиль авах хүсэлт өгөхөд анхаарах зүйлс:

  1. Апостиль гэрчилгээ авахаар бүрдүүлэ буй баримт бичгийн эх хувийг авчирна. Баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлээгүй тохиолдолд хүлээн авах боломжгүй.
  2. Баримт бичиг тус бүрийг нотариатаар гэрчлүүлнэ. Баримт бичгийн хуулбар дээрх гарын үсэг, нотариатчийн гарын үсэг нь тодорхой харагдах ёстой.
  3. Өргөдөлд хавсаргасан бүх бичиг баримтыг баталгаат орчуулга хийлгэж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчилж авах тухай

Сүүлийн үед манай хуульчдад монгол хүүхэд үрчилж авахыг хүсэж буй гадаадын иргэдээс хуулийн зөвлөгөө өгөх хүсэлтүүд ирлээ. Монгол хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх үйл явц нэлээд нарийн бөгөөд олон шат дараалалтай байдаг.

Эхлээд гадаадын иргэн монгол хүүхдийг үрчлэх тухай хүсэлтээ өөрийн орны хүүхэд үрчлэх хүсэлт хүлээж авах эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын зохих байгууллагад гаргана. Гадаад улсаас ирүүлсэн хүүхэд үрчлүүлэх хүсэлтийг Монгол Улсын хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шууд хүргүүлнэ.

Хүүхэд үрчилж авах иргэн дараах шаардлагыг хангасан байна:

  • Монгол Улсын харьяат хүүхэд нь 5-аас доошгүй жил хамт амьдарч байгаа гадаад гэр бүл эсвэл ганц бие гадаадын иргэн эмэгтэйд үрчлүүлнэ.
  • Үрчилж авах иргэн 60-аас доош настай
  • Эцэг, эх байх эрх нь хязгаарлагдаагүй
  • Иргэний бүрэн чадамжтай
  • Сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчин, архи, мансууруулах бодисын хамааралгүй
  • Урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй

Өргөдөл гаргагч нь хуульд заасны дагуу өөрийн мэдээллийг шаардлагатай баримт бичгүүдийн хамт ирүүлэх ёстой. Өөрийн тухай мэдээлэл нь тухайн хүний хувийн зан чанар, хүүхэд үрчлэхэд тохирох байдал, боловсролын байдал, гэр бүлийн байдал, эрүүл мэндийн мэдээлэл, өрхийн орлого, нийгмийн байр суурийн талаарх мэдээллийг агуулсан байх ёстой. Түүнчлэн Монгол хүүхэд үрчлэх болсон шалтгааныг тодорхойлсон байхыг шаардана.

 Монгол Улсын хүн амын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүүхэд үрчлэх өргөдлийг хянан үзэж, зөвшөөрсний дараа үрчлүүлэх магадлалтай хүүхдийг сонгож, өргөдөл гаргагчид хүүхдийн талаарх мэдээллийг өгнө. Хэрэв эцэг, эх болохыг хүсэж буй өргөдөл гаргагчид тухайн хүүхдийг үрчилж авахаар шийдсэн бол Монгол Улсын Цагаачлалын Алба нь өргөдөл болон холбогдох бусад баримт бичгүүдийг хянан үзэж, хүүхэд үрчлүүлэх тухай шийдвэрийг гаргана.

Хүүхэд үрчлэх процессын үеэр манай хуулийн фирм нь үрчлэгчийг төлөөлж албан тушаалтантай холбогдох, тэднээс ирүүлсэн асуултад хариулах, үрчлэгчид хуулийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Спорт бооцооны үйл ажиллагаа Монголд хуульчлагдсан уу?

Сүүлийн үед цахимаар спорт бооцоот таавар зохион байгуулах, оролцох байдал хүмүүсийн дунд элбэг болсонтой холбоотой манай үйлчлүүлэгчээс Монгол Улсад энэ талаарх эрх зүйн зохицуулалт байдаг эсэх, спорт бооцоо нь мөрийтэй тоглоомд тооцогдох эсэх талаар зөвлөгөө өгөхийг хүслээ.

Монгол Улсад 1999 оноос хойш Казино байгуулах, ажиллуулахыг хориглож байгаа бөгөөд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулахыг гэмт хэрэг, зөрчилд тооцох зохицуулалттай байдаг. Тэгвэл спорт бооцоо нь мөрийтэй тоглоомын ангилалд багтах эсэх нь эргэлзээтэй асуудал юм.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл олон нийтийн газар, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол гэмт хэрэг гэж үзэхээр хуульчилсан бөгөөд тухайн мөрийтэй тоглоомыг тоглосон нөхцөлд зөрчил гэж үзэхээр зохицуулсан байна. Тэгвэл, спорт бооцоо Монгол Улсын хууль, тогтоомжид заасан мөрийтэй тоглоом гэх ангилалд хамаарахгүй юм. Учир нь спортын бооцоо тавих нь сагсан бөмбөг, хөл бөмбөг, теннис гэх мэт бодит спортын тоглоомуудад мөрий тавих замаар үр дүнг урьдчилан таамаглах ажиллагаа байдаг. Ингэхдээ бооцоо тавигч өөрийн ур чадвар, мэдлэг, мэдээлэл дээр тулгуурлаж магадлалыг тодорхойлон үр дүнг таамаглах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, үр дүнг урьдчилан таамаглах боломжтой, дан ганц азад найдаж мөрий тавьдаггүйгээр мөрийтэй тоглоомоос ялгаатай.

Зөвшөөрлийн тухай хуулиар аж ахуй нэгжид төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодгоос үзвэл Монгол улсад спорт бооцооны үйл ажиллагаа эрхлэх нь хуулиар хориглогдоогүй байна. Харин бооцоот тоглоомын үйл ажиллагаанд 20 сая буюу түүнээ дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхэд Монгол банк гүйлгээг хянах үүрэгтэй.

Монголын бизнесийн орчныг гадаадын бизнес эрхлэгчид ойлгоход туслах нь

Сүүлийн үед Монголын зах зээлд нэвтрэх, үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой хэд хэдэн үйлчлүүлэгчид зөвлөгөө авахаар бидэнд хандлаа. Бид үйлчлүүлэгчтэйгээ тэдний олон улсын бизнесийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын талаар ярилцахад тэд Монголд өөрсдийн бизнесийг тусгайлан хөгжүүлэх сонирхолтой байна. Гэвч үүнийг хэрэгжүүлэхэд чиг баримжаа, найдвартай зөвлөгөө мэдээлэл дутмаг байгаа нь тэднийг бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэрхшээл үүсгэж байна.

Монголын бизнесийн талаар ойлголт авахыг хүсэж байгаа шинэ бизнес эрхлэгчид байгаа бол энэ блог танд тодорхой хэмжээгээр тусална.

Монгол Улс нь уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтад голлон тулгуурласан аж үйлдвэрийн эдийн засгийг бий болгосон хуурай газар нутагтай орон юм. Засгийн газар эдийн засгийг олон янзаар хөгжүүлэх арга барилыг үргэлжлүүлэн судалж, дэд бүтцийн шинэ төслүүд, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарлаа төвлөрүүлж, томоохон төслүүдэд дотоодын бүтээгдэхүүн, материал, тоног төхөөрөмжийг ашиглахыг эрмэлзэж байна. Эрчим хүч, түлшний импорт болон экспорт, телекомпьютер, нарны эрчим хүч, салхин тээрэм, усан цахилгаан станцын төсөл зэрэг салбаруудад Засгийн газар олон улсын хөрөнгө оруулагчдад боломж олгож байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 26 улстай давхар татварын гэрээтэй, “Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөхүүлэн дэмжих тухай” хэлэлцээрийг 43 улстай байгуулсан.

Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдыг дараах бизнесийн хэлбэрүүдээр дамжуулан үйл ажиллагаа явуулах, түүнийгээ Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлэхийг шаарддаг. Үүнд: хязгаарлагдмал хариуцлагатай компани, төлөөлөгчийн газар эсвэл хязгаарлагдмал хариуцлагатай түншлэл байна. Хувиараа бизнес эрхлэгч нь Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй, харин татвар, нийгмийн даатгалын эрх бүхий байгууллагад бүртгүүлэх ёстой.

Бизнесийг эхлүүлэхэд анхаараах, төлөвлөх шаардлагатай хууль зүйн болон үйл ажиллагааны тодорхой практик байдаг. Анхаарч үзэх эрх зүйн гол баримт бичгүүд нь компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчийн тогтоол юм. Ялангуяа компанийн дүрэм нь хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд зохицуулалт хийдэг учраас хувьцааны талаар ямар нэгэн маргаан гарвал компанийн дүрэмд үндэслэн шийдвэрлэдэг. Үүнээс гадна таны эрхлэх гэж буй бизнесийн үйл ажиллагаанд Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг авах шаардлагатай эсэх талаар судалж тодруулах нь чухал. 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Зөвшөөрлийн тухай хууль батлагдахаас өмнө төрийн захиргааны албан тушаалтан бизнесийн үйл ажиллагаа эрхлэх 1600 төрлийн зөвшөөрөл олгох эрхтэй байсан. Харин одоогийн хуулиар бизнес эрхлэгч, компаниудын бизнесийн үйл ажиллагаанд илүү уяан хатан, чөлөөтэй орчныг бүрдүүлэх үүднээс тусгай зөвшөөрлийг 365 болгон бууруулсан.

Бизнесээ амжилттай эхлүүлэхийн тулд дээрх зүйл нь бизнес эрхлэгчдийн анхаарах ёстой наад захын анхаарах асуудал юм.

Монгол Улс дахь Авлигын эсрэг хуулийн үр дүн

Улс төрийн авлига, шүүх, хяналтын байгууллагын авлигаас үүдэлтэй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулагч, компаниудын хувьд авлигын асуудал өндөр эрсдэл дагуулдаг. Монгол Улс 1996 оноос эхлэн авлигын эсрэг хууль тогтоомж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр зэрэг үйл ажиллагаагаар авлигатай тэмцэж байна. Тухайлбал, Эрүүгийн хууль болон Авлигын эсрэг хууль нь авлига, хээл хахуулийг идэвхитэй болон идэвхгүй хувилбараар өгч авахыг хориглосон байдаг. Гэтэл Монгол Улсын авлигын индекс сүүлийн 3 жил буураагүй, тэр ч бүү хэл авлигын индекс энэ онд нэмэгдсэн нь авлигын эсрэг хуулийн үр дүн, хэрэгжилтийн талаар эргэлзээ дагуулж байна.

Жил бүр Транспэрэнси олон улсын байгууллагаас улс орнуудын авлигын талаар шинжээч бизнес эрхлгэчдийн судалгаан дээр үндэслэн авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг. 2020-2022 онд Монгол Улс 35 оноо авч, авлигын индексээр 180 улсаас 111-т эрэмбэлэгдсэн бол энэ онд 33 оноогоор 116 дугаар байрт орсон байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль

Энэ удаагийн блогоор бид өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлаас баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар бичих болно.

2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганаар уг хуулийг баталжээ.

Хуулийн зорилго нь цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм.

Гэвч энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлаж, бусад хуулиар нэгэнт зохицуулагдсан харилцааг дахин хуульчилсан, хуулийн төслийг хэлэлцэхдээ олон нийтийн оролцоог хангаагүй гэх шүүмжлэлийг дагуулж байгаа.

Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд уг хуульд хориг тавиад байна.

Гадаадын иргэн Монгол Улсад хувийн зорилгоор оршин суух

Саяхан манай үйлчлүүлэгчдийн нэг Монгол Улсад хувийн зорилгоор оршин суух эрх хэрхэн авах талаар зөвлөгөө хүссэн юм. Бид үйлчлүүлэгчийнхээ асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлэхийн сацуу гадаадын иргэний орших суух зөвшөөрлийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Монгол Улсад албан болон хувийн зорилгоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэнийг байнгын оршин суугч гэж үздэг. Хувийн зорилгоор оршин суух зөвшөөрлийг 5 жилээр олгох бөгөөд дараах хэлбэртэй байна. Үүнд:

  1. Гэр бүлийн шалтгаанаар
  2. Цагаачлах
  3. Хөдөлмөр эрхлэх
  4. Хөрөнгө оруулах
  5. Суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон хувийн бусад зорилгоор

Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн шаардлагад нийсэн зохих төрлийн визийг Монгол Улсын Цагаачлалын албанаас хүсэх ёстой.

Энэ удаад бид хөрөнгө оруулалтын зорилгоор оршин суухтай холбоотой ерөнхий шаардлага, журмыг танилцуулна.

Хөрөнгө оруулалтын зорилгоор оршин суух (B виз)-г дараах төрлөөр олгоно.

B1 Гадаадын хөрөнгө оруулалттай аж, ахуй нэгжийн хөрөнгө оруулагч.

B2 Гадаадын хөрөнгө оруулалттай аж, ахуй нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч буюу гүйцэтгэх захирлаар томилогдсон гадаад иргэн.

B3 Гадаадын хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал буюу төлөөлөгчөөр ажиллаж байгаа гадаадын иргэн.

Ерөнхий шаардлага

  • Урьж буй аж ахуй нэгж, байгууллагын хүсэлт
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
  • Гадаад паспорт болон паспортыг орлох баримт бичиг
  • Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөл
  • Татвар төлөлтийн талаарх сүүлийн 3 жилийн тодорхойлолт
  • Хүсэлт гаргаж байгаа ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэл, ажлын газрын үнэмлэх
  • Визний хураамж төлсөн баримт
  • Мэдүүлгийн хуудас

Оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг энгийн бол ажлын 5 хоногт, яаралтай бол ажлын 3 хоногт шийдвэрлэнэ. 

Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гаргана.