Tag Archives: худалдаа

Нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх ажил олгогчийн үүрэг

Сүүлийн үед манай Монголын хуульчид үйлчлүүлэгчид компани байгуулахад нь туслалцаа үзүүлж байна. Үүнээс улбаалан компани байгуулагдсаны дараа ажил олгогч ямар үүрэг хариуцлага хүлээх талаар дараагийн асуултад зөвөлгөө өгөх шаардлага гардаг. Компанийн анхаарах ёстой асуудлуудын нэг нь ажилчдынхаа даатгалын шимтгэлийг төлөх үүрэг юм.

Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа иргэн, гадаадын ажилтан, харьяалалгүй хүн бүрийг тэтгэвэрт гарах, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болоход тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдэлээс хамгаалах арга хэмжээг юм. Нийгмийн даатгалын сан нь Нийгмийн даатгалын хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд ажил олгогч, ажилтны аль алинаас нь хуримтлуулсан мөнгөн дүн юм.

Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулиар ажил олгогч, ажилтны аль алиных нь төлөх ёстой нийгмийн даатгалын шитгэлийн хэмжээг тогтоосон. 2023 оны байдлаар аж ахуй нэгжээс хамааран ажил олгогчийн цалингийн хэмжээгээр төлөх төлбөрийн хэмжээ 12.5%- 14.5% байна. Ажилчдын цалингийн хэмжээ болон түүнтэй адилтгах орлогоос 11.5%-аар тооцогддог боловч сар бүрийн шимтэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгөөс багагүй байна.

Ажил олгогч нь нийгмийн даатгалын ерөнхий газар бүртгүүлж сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах, эрх бүхий байгууллагын дансанд шилжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сарын тайлан мэдээг дараа сарын 5-ны дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх шаардлагатай. Нийгмийн даатгалтай холбоотой анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, балансын мэдээг холбогдох журмын дагуу хөтлөх ёстой.

Хөдөлмөрийн гэрээ байгуулахад юуг анхаарах вэ? (гуравдугаар хэсэг)

Төгсгөлд нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцлүүдийн талаар товч дурдая.

Ямар тохиолдолд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулах вэ? Энэ төрлийн гэрээний зохицуулалтын онцлог юу вэ?

Ажил олгогч нь аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Энэхүү гэрээнд хуульд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлөөс гадна ажлын эцсийн үр дүн, ажилтны хүлээх үүрэг хариуцлага, гэрээг дүгнэх журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон ашгаас олгох хувь хэмжээг тусгаж болно. Түүнчлэн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд ажилтны мэдэлд олгож байгаа хөрөнгийн хэмжээ, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, эд хөрөнгийн хариуцлагыг тусгаж болно. Мөн хуульд заасан ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлээс гадна нэмэлт дөрвөн үндэслэлийг хуульчилсан байна.

Хөдөлмөрийн тухай хуульд үл өрсөлдөх үүрэг, ажилтны нууц хадгалах үүрэг, ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг болон ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай нэмэлт нөхцлүүдийг зохицуулсан байна.

Үл өрсөлдөх үүрэг. Ажил олгогч нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно. Тус нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээний үйлчлэх хугацаа нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш нэг жилээс илүүгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээ үйлчлэх хугацаанд ажил олгогч ажилтанд хамгийн сүүлийн сарын цалин хөлснийх нь 50-аас доошгүй хувийн олговрыг сар бүр олгоно. Үл өрсөлдөх үүрэг нь ажилтан гадаадад ажиллахад хамаарахгүй.

Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг. Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно. Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна. Гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө.

Аж ахуйн нэгж, байгууллагын нууц хадгалах, нууцтай харьцах журмыг ажил олгогч баталсан байвал зохимжтой бөгөөд эд хөрөнгийн бүрэн хариуцлага бүхий ажлын байрны жагсаалтыг баталсан байна.

Орон сууцны  дуусаагүй барилгад гэрчилгээ олгохыг зогсоож магадгүй

Практикт захиалагч нь орон сууцны зориулалтаар барьж байгаа барилгадаа иргэдээс захиалга буюу урьдчилга төлбөр авах, барьж дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж дуусаагүй барилгын гэрчилгээ авч, тэрхүү авсан гэрчилгээг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авах тохиолдол түгээмэл байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллэснээр 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж дуусаагүй 552 барилгыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэж авсан байна. Үүнээс 123 баригдаагүй барилга банк, санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байна. Түүнчлэн тухайн барилга баригдаж дууссан ч тухайн орон сууцад байр худалдаж аваад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадахгүй байгаа 333 иргэн байгаа юм. Улмаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт авилга өгөх, танил талаараа яриулах зэргээр авилгын сүлжээ үүсгэх нөхцөл болж байгаа нь баригдаж дуусаагүй барилгыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэдэг зохицуулалтаас үүдэлтэй байна. Тиймээс дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт ““Орон сууцны зориулалтаар барьж байгаа барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэсэн заалт нэмэлт өөрчлөлтөөр оруулахаар холбогдох байнгын хороогоор хэлэлцэгдэж дэмжигдсэн бөгөөд УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр санал, дүгнэлт гарсан байна.

Барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчилж, нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгох ач холбогдолтой юм Түүнчлэн Иргэний хууль болон Газрын тухай хуулийг уялдуулах, түүн дотор нийтийн зориулалттай орон сууцтай холбоотой иргэдийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж буй зохицуулалтыг өөрчилж, боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр үндэслэн энэхүү өөрчлөлтийг хийж байгаа юм байна.

Санхүүжилтийн нэг хэлбэр болох факторингийн талаар

Факторинг гэдэг нь бусдын авлагыг худалдан авах буюу факторын үйлчилгээ үзүүлэгч-фактор нь өөрийн харилцагчаас тухайн харилцагчийн хэрэглэгч буюу худалдан авагчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээний харилцагчид төлөгдөх ёстой хүлээгдэж буй мөнгөн төлбөрийн хүрээнд харилцагчаас тухайн авлагыг (хүлээгдэж буй нэхэмжлэлийн шаардлагыг) худалдан авч, харилцагчдаа урьдчилгаа төлбөр хийх санхүүгийн үйлчилгээний нэг төрөл юм.

Факторинг нь нэг ёсондоо харилцагч өөрийн хэрэглэгч буюу худалдан авагчаас авах ёстой авлагыг ашиглан эргэлтэд оруулж, санхүүжилт татах нэг хэлбэр юм. Харилцагч компани нь өөрийн хүлээгдэж буй нэхэмжлэлийн шаардлагыг (авлагыг) факторт худалдсан үнийн дүнгээр санхүүжилт авна гэсэн үг. Факторын харилцагч компанид шилжүүлэх санхүүжилт буюу авлага худалдан авах үнийг тухай авлагын эргэн төлөлтийн хугацаанаас хамаарч тодорхойлдог. Факторын үйлчилгээ үзүүлэгч-фактор нь ихэвчлэн тохиролцсон үнийн 70-с 90 хувийг харилцагч компанид урьдчилан шилжүүлдэг. Авлагыг харилцагч компанийн хэрэглэгч буюу худалдан авагчаас бүрэн нэхэмжилж авсны дараагаар фактор нь өөрийн үйлчилгээний хөлсийг суутган үлдэгдэл хэсгийг харилцагч компанид шилжүүлдэг байна.

Энэ төрлийн санхүүжилтийн хэлбэр нь банкнаас зээл авах зэргээр удаан хугацаагаар хүлээх, олон шат дамжлагаар орох шаардлагагүйгээр богино хугацаанд маш түргэн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг татах боломжийг өгдөг байна. Банкнаас зээл авахын тулд тухайн компани нь үйлдвэр, тоног төхөөрөмж, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг эсвэл бүр компанийн хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгийг хүртэл барьцаалах шаардлагатай байдаг бол факторингийг үйлчилгээг авахад зөвхөн өөрийн хүлээгдэж буй нэхэмжлэлийн авлагыг “барьцаалахад” л хангалттай байдаг.

Факторингийн үйлчилгээ нь компанийн гацаанд орсон хөрөнгийг эргэлтэд оруулахад тусалдаг. Компаниуд өөрийн хүлээгдэж буй нэхэмжлэлийн авлагыг эргэлтэд оруулснаар эргэлтийн хөрөнгөө хэрхэн нэмэгдүүлэх, эргэн төлөлтийн хуваарь зэрэгт санаа зовох шаардлагагүй болдог байна. Түүнчлэн хэрэглэгч буюу худалдан авагчдаасаа авлагаа шаардах, цуглуулахад цаг заваа зарцуулах шаардлагагүйгээр харин бизнесээ хэрхэн хөгжүүлэх, сайжруулахад анхаарлаа төвлөрүүлэх боломж бүрддэг байна.

Факторингийн үйлчилгээ нь бусад улс оронд өргөнөөр хэрэглэгддэг боловч Монголд хараахан тийм ч их дэлгэрээгүй санхүүгийн үйлчилгээ юм. Хэдийгээр Монголд факторингийн үйлчилгээний хуулийн зохицуулалт нь холбогдох хууль тогтоомжид хуульчлагдсан байдаг боловч энэ төрлийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ тун бага болоод факторингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ч мөн цөөн байдаг. Гэхдээ олон улсын бизнес, худалдаа наймаа хурдацтай хөгжиж байгаа өнөө үед санхүүгийн байгууллагуудын хувьд факторингийн үйлчилгээг үзүүлэх нь бизнесийн шинэ боломж гэж бодож байна.

Банкны баталгаа – худалдааны санхүүжилтын хэрэгсэл

Бид өмнөх нийтлэлдээ олон улсын худалдаанд нийтлэг хэрэглэгддэг худалдааны санхүүжилтын хэрэгслүүдийн нэг болох аккредитивын тухай бичсэн. Харин энэхүү нийтлэлдээ худалдааны санхүүжилтын бас нэгэн хэрэгсэл болох банкны баталгааны тухай бичих болно.

Банкны баталгаа гэдэг нь санхүүгийн байгууллагаас, ихэвчлэн банкнаас, олгодог баталгааг хэлдэг. Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгэгчийн (худалдан авагчийн) өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хэрвээ үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд банк түүний өмнөөс төлбөрийг төлнө гэсэн үг юм.

Банкны баталгаа болон аккредитив хоёр нь хоорондоо их төстэй боловч хоёр өөр санхүүжилтын хэрэгсэл юм. Аккредитивын гэрээний дагуу хоёр тал гэрээний дагуу үүргээ харилцан биелүүлэх баталгаа болж өгдөг бол банкны баталгааны гэрээний дагуу хэрвээ үүрэг гүйцэтгэгч тал гэрээний дагуу үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд банк үүрэг гүйцэтгүүлэгчийг хохиролгүй болгодог байна. Аккредитивын гэрээг ихэвчлэн олон улсын худалдаанд хэрэглэдэг бол банкны баталгааны гэрээг голдуу үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ, хэлэлцээр болон дэд бүтцийн төслүүдэд хэрэглэдэг.

Банкны баталгааны гэрээгээр банкны хүлээх үүрэг, эрсдэл нь аккредитивын гэрээгээр хүлээх үүрэг, эрсдлээс илүү байдаг. Банкны баталгааны гэрээгээр аккредитивын адил үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөр төлөгдөх баталгаа өгдөг. Гэхдээ аккредитиваас ялгаатай нь зөвхөн үүрэг гүйцэтгэгч үүргээ гэрээний дагуу биелүүлж чадахгүй тохиолдолд төлбөрийг түүний өмнөөс гүйцэтгэдэг. Энэ нь гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талд хохирол учруулах эрсдлээс сэргийлж өгдөг байна.

Банкны баталагаа нь шууд ба шууд бус гэх мэт төрлүүдтэй байдаг. Банкууд гадаадын болон дотоодын компаниудад ихэвчлэн шууд банкны баталгаа гаргаж өгдөг. Шууд банкны баталгаа гэдэг нь банкны баталгааг үүрэг гүйцэтгүүлэгчид банк шууд гаргаж өгөхийг хэлдэг байна. Шууд банкны баталгааны гэрээний дагуу баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэдэг. Банкны баталгааг хүмүүс ихэвчлэн олон улсын худалдаа, гүйлгээнд хэрэглэдэг. Учир нь банкны батлагааг бусад (гадаад) улсын хууль тогтоомжид нийцүүлэхэд илүү уян хатан, гүйцэтгэхэд илүү хялбар байдаг байна. Шууд бус банкны баталгааг ихэвчлэн үүрэг гүйцэтгүүлэгчээр аль нэг улсын төрийн байгууллага эсвэл агентлаг оролцож байгаа экспортын гүйлгээнд хэрэглэдэг байна.

Банк нь баталгаа гаргахдаа тодорхой хэмжээний эрсдэл, үүрэг хүлээдэг учраас баталгаа гаргуулах хүсэлт гаргасан этгээдийг маш нарийн шалгаж, судалдаг. Үүрэг гүйцэтгэгч нь төлбөрийг эргэн төлөх чадвартай болохыг тогтоосны дараа баталгаа гаргагч банк нь гэрээгээр хүлээх өөрийн хариуцлагын хэмжээ, хязгаарыг тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл баталгаа гаргагч банкны хүлээх хариуцлага гэрээнд заасан хэмжээгээр хязгаарлагдана. Ийнхүү хүлээх эрсдлийн хягзаарыг тогтоосноор банкны эрх, ашиг хамгаалагддаг. Ингэснээр банк төлбөрийн чадвартай харилцагчид банкны баталгаа гаргаж өгдөг байна.