Веб хуудасны хаягийн сонгосон нэр нь дахин давтагдашгүй цор ганц байдаг тул бизнес эрхлэгчдийн цахим орчин дах нэрийн хуудас буюу зах зээл дээр танигдаж, өөрийн байр суурийг хадгалах нэгэн чухал арга хэрэгсэл болдог. Тус оноосон нэрний ард .com, .de, edu.com, gov.mn зэрэг буюу үйл ажиллагааны улс орон аль эсхүл чиглэлийг илэрхийлэх тухайн домэйн нэрний өргөтгөлийг залгасан байна.
Сингапур гэх цөөн тооны зарим гадаад улсад зөвхөн тухайн улсад бүртгэлтэй компаниудад тухайн улсын өргөтгөлтэй домэйн нэр олгохыг зөвшөөрдөг байна. Харин Монгол улсын хуульд ийм хориг хязгаарлалт байхгүй. Өөрөөр хэлбэл, манай улсын домэйн нэрний албан ёсны өргөтгөлийн код болох .mn нэрийг зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүд төдийгүй өөрийн үйл ажиллагаагаа Монголын хэрэгчлэгчдэд таниулахыг хүссэн, магадгүй өөрийн дэлхийн том брендийг тус зах зээл дээр хамгаалахыг хүссэн гадны компаниуд ч гэсэн бүртгүүлэх боломжтой юм.
Монгол улсад харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах, иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хүртээмжтэй хангах зэрэгтэй холбогдсон харилцааг Харилцаа Холбооны тухай хуулиар зохицуулна. Тус хуульд 2019 оны 05 сарын 30-нд нэмэлт өөрчлөлт оруулж, домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг Засгийн Газрын байгуулсан Харилцаа Холбооны зохицуулах хороо хэрэгжүүлэхээр заажээ.
Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос өгсөн албан бус мэдээллийн дагуу тус журмыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан байгаа аж. Ерөнхийдөө харилцаа холбоо, үүнд нэн ялангуяа цахим орчин ба домэйн нэрийн асуудлаар барих төрийн бодлого болон хууль эрх зүйн орчин тодорхойгүй, тун дутмаг байгаа билээ. 2019 оны 06 сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооноос Монгол улсын Засгийн газарт чиглэл өгөхөөр баталсан тогтоолын 12-р зүйлд домэйн нэрийн эрх зүйн орчинг бүрдүүлж, төрийн бодлогыг тодорхой болгохоор заажээ.
Үргэлжлэл бий.