Tag Archives: барааны тэмдэг

Барааны тэмдгийн бүртгэл хүчингүй болох үндэслэл

Сүүлийн үед манай хуулийн фирмийн хуульчид Монгол Улсад сонирхогч этгээд барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргах боломжтой эсэх талаар тодруулахыг хүссэн үйлчлүүлэгчид энэ талаарх хуулийн зөвлөгөөг өглөө.

Барааны тэмдгийн бүртгэлийг Оюуны өмчийн дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисс (МШК)-д гаргасан хүсэлтийн дагуу хүчингүй болгох боломжтой бөгөөд хуульд тусгайлан заасан хэд хэдэн үндэслэл байдаг.

Аливаа сонирхогч этгээд барааны тэмдгийн бүртгэлийг дараах үндэслэлээр хүчингүй болгуулах хүсэлтийг МШК-д гаргаж болно. Үүнд:

  • Барааны тэмдгийг бүртгэх хуулийн шаардлагыг зөрчиж бүртгүүлсэн;
  • Барааны тэмдэг нь Парисын конвенцын гишүүн аль нэг улсад тухайн барааны тэмдгийн хувьд онцгой эрх эзэмшигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр түүний төлөөлөгч, эсхүл бараа, бүтээгдэхүүнийг борлуулагч этгээдийн нэр дээр бүртгэгдсэн
  • Барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг таван жилийн турш ашиглаагүй.

Ийнхүү хүчингүй болгох хүсэлтийг Оюуны өмчийн газрын албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлснээс хойш нэг жилийн дотор ирүүлсэн байх хуулийн шаардлага байдаг. МШК нь хүсэлтийг хүлээж авснаас хойш 6 сарын дотор тухайн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгох эсэхийг хянан шийдвэрлэж, хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

Хэдийгээр Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль нь тодорхой үндэслэлээр барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгох хүсэлтэй сонирхогч этгээдэд маргах эрхийг нь олгодог боловч хүсэлт гаргах хугацаа нэг жил байгаа нь хэтэрхий богино юм. Өөрөөр хэлбэл энэхүү хугацаа өнгөрсний дараа маргаан бүхий барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй болох юм. Гэтэл Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенц (Парисын конвенц)-д барааны тэмдгийг хүчингүйд тооцох хүсэлт гаргах урт хугацаа заасан байдаг. Жишээлбэл, Парисын конвенцын 6bis дах зүйлд бүртгэгдсэн барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй зөрчилдвөл нийтэд түгээмэл болсон тэмдэг эзэмшигч маргаан бүхий барааны тэмдгийн хүчингүй болгох хүсэлтийг тухайн тэмдэг бүртгэгдсэн өдрөөс хойш 5 жилийн дотор гаргах эрхтэй байдаг. Үүнээс харахад, Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг нэгдэн орсон олон улсын хуульд нийцүүлэх зорилгоор барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгох хүсэлт гаргах хугацааг уртасгах шаардлагатай.

Барааны тэмдгийн зөрчил хянан шалгах журам, түүнд ногдуулах хариуцлага

Монгол Улсад барааны тэмдгийн зөрчлийг хянан шалгах журмыг Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар зохицуулна. Харин тухайн зөрчилд ногдуулах хариуцлага нь учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч Зөрчлийн тухай хууль эсхүл Эрүүгийн хуульд заасан шийтгэл ногдуулах хуулийн санкцтай бөгөөд өөрөөр хэлбэл барааны тэмдгийн зөрчилтэй холбоотой маргааныг иргэний эсвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шийдвэрлэнэ гэсэн үг юм. Хэдийгээр Монгол Улсад барааны тэмдгийн зөрчил түгээмэл боловч ихэнх зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бус харин барааны тэмдгийн зөрчил болон шалгагдаж байна. Тиймээс өнөөдрийн блогоор бид барааны тэмдгийн зөрчлийг иргэний журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа, зөрчлийн талаар дэлгэрүүлэн авч үзэх болно.

Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу барааны тэмдэг эзэмшигч нь өөрийн барааны тэмдгийг ашиглах, барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан этгээдийн үйлдлийг таслан зогсоох, зөрчлийн улмаас учирсан мөнгөн хохирлыг барагдуулахыг шаардах онцгой эрхтэй.

Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн албан тушаалтан оюуны өмчтэй холбоотой, тэр дундаа барааны тэмдгийн зөрчлийн талаарх асуудлыг хариуцна. Эрх бүхий этгээд (хяналтын байцаагч) нь барааны тэмдгийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсны дараа зөрчлийн хэргийг хянан шалгах ажиллагааг явуулна. Хяналтын байцаагч гомдлыг хүлээн аваад, гаргасан нэхэмжлэл, нотлох баримтыг үндэслэн зөрчлийн хэргийг эхлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Хянан шалгах ажиллагааг явуулж дууссанаар байцаагч тухайн зөрчилд хариуцлага ногдуулахгүйгээр хэргийг таслан зогсоох, эсвэл шийтгэл ногдуулах эсэх талаар шийдвэрийг гаргана.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар байцаагч барааны тэмдгийн зөрчилд дараах шийтгэлийг ногдуулна:

  • Зөрчил үйлдэж олсон эд хөрөнгө, түүнээс олсон орлогыг хураан авах;
  • Зөвшөөрөлгүй үйл ажиллагааг таслан зогсоох;
  • Барааны тэмдэг эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;
  • Тус зөрчлийг үйлдсэн этгээдийг 300,000 хүртэл төгрөг харин хуулийн этгээдийг 3,000,000 хүртэл төгрөгөөр торгох.

Барааны тэмдгийн зөрчлийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөнө.