Tag Archives: Виз

Гадаадын иргэнийг Монгол Улсад ажиллуулах

Энэ удаагийн нийтлэлээр Монгол Улсад хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаарх ерөнхий ойлголтыг өгье.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий гадаадын иргэнд олгох виз, оршин суух зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны ажлын байр удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна.

Удирдах албан тушаалын ажлын байр дараах ангилалтай байна.

  • гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулагчийн төлөөлөгч.
  • аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал,
  • олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдах ажилтан

Гүйцэтгэх албан тушаалын ажлын байр дараах ангилалтай байна.

  • Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын ажилтан, сайн дурын ажилтан.
  • Засгийн газар, төрийн байгууллага хоорондын гэрээний дагуу шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарын байгууллагад ажиллах мэргэжилтэн.
  • Монгол Улсын Засгийн газраас тогтоосон нарийн мэргэшлийн мэргэжилтэн /нарийн мэргэшлийн ажлын байрны жагсаалтыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар хоёр жил тутамд 10 дугаар сарын 01-ний дотор Засгийн газар батална/.
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтэн;
  • Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гэрээнд тусгайлан заасны дагуу зөвхөн тухайн гэрээний хугацаанд гадаад улсаас Монгол Улсад ажиллах нарийн мэргэшлийн инженер, түүнтэй дүйцэхүйц ажилтан.
  • Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, бүх шатны боловсролын байгууллагад ажиллах багш.
  • Соёл, спортын байгууллагад ажиллах мэргэжлийн багш, дасгалжуулагч, мэргэжилтэн

Туслах албан тушаалын ажлын байр дараах ангилалтай байна.

  • ур чадвар бүхий мэргэшсэн техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшсэнийг нотлох тухайн улсын эрх бүхий байгууллагын, эсхүл Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхтэй ажилтан.
  • Монгол Улсад зургаан сар хүртэл хугацаагаар ажиллах улирлын ажилтан.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар жил бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор Засгийн газар тогтооно.

Энэхүү тоо, хувь хэмжээг тогтоохдоо үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн санал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзана.

Дараагийн блогоор гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэхээр урих талаар бичнэ.

Гадаадын иргэн Монгол Улсад хувийн зорилгоор оршин суух

Саяхан манай үйлчлүүлэгчдийн нэг Монгол Улсад хувийн зорилгоор оршин суух эрх хэрхэн авах талаар зөвлөгөө хүссэн юм. Бид үйлчлүүлэгчийнхээ асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлэхийн сацуу гадаадын иргэний орших суух зөвшөөрлийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Монгол Улсад албан болон хувийн зорилгоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэнийг байнгын оршин суугч гэж үздэг. Хувийн зорилгоор оршин суух зөвшөөрлийг 5 жилээр олгох бөгөөд дараах хэлбэртэй байна. Үүнд:

  1. Гэр бүлийн шалтгаанаар
  2. Цагаачлах
  3. Хөдөлмөр эрхлэх
  4. Хөрөнгө оруулах
  5. Суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон хувийн бусад зорилгоор

Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн шаардлагад нийсэн зохих төрлийн визийг Монгол Улсын Цагаачлалын албанаас хүсэх ёстой.

Энэ удаад бид хөрөнгө оруулалтын зорилгоор оршин суухтай холбоотой ерөнхий шаардлага, журмыг танилцуулна.

Хөрөнгө оруулалтын зорилгоор оршин суух (B виз)-г дараах төрлөөр олгоно.

B1 Гадаадын хөрөнгө оруулалттай аж, ахуй нэгжийн хөрөнгө оруулагч.

B2 Гадаадын хөрөнгө оруулалттай аж, ахуй нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч буюу гүйцэтгэх захирлаар томилогдсон гадаад иргэн.

B3 Гадаадын хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал буюу төлөөлөгчөөр ажиллаж байгаа гадаадын иргэн.

Ерөнхий шаардлага

  • Урьж буй аж ахуй нэгж, байгууллагын хүсэлт
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
  • Гадаад паспорт болон паспортыг орлох баримт бичиг
  • Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөл
  • Татвар төлөлтийн талаарх сүүлийн 3 жилийн тодорхойлолт
  • Хүсэлт гаргаж байгаа ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэл, ажлын газрын үнэмлэх
  • Визний хураамж төлсөн баримт
  • Мэдүүлгийн хуудас

Оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг энгийн бол ажлын 5 хоногт, яаралтай бол ажлын 3 хоногт шийдвэрлэнэ. 

Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гаргана.