Сүүлийн жилүүдэд хэд хэдэн компани, байгууллагууд өөрийн койн, токенуудыг гаргаж, арилжаалсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь технологийн дэвшлийг ашиглаж, бага зардалтайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэх давуу талтай ч койн, токенуудыг арилжаалах үйл явц нь маш богино хугацаанд, өндөр үнийн дүнтэйгээр явагдаж байгаа. Энэхүү үйл явцыг дагасан цахим гэмт хэрэгт иргэд, хөрөнгө оруулагчид хохирох, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт өөрсдөө мэдэлгүй холбогдох өндөр эрсдэлтэй тул тусгайлсан эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан талаар хууль санаачлагчид тэмдэглэсэн. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд өргөн мэдүүлснийг УИХ арванхоёрдугаар сарын 17-нд баталсан. Хууль өнгөрсөн 2-р сарын 25-наас хүчин төгөлдөр болж, хэрэгжиж байна.
Виртуал хөрөнгийг зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулан нийтэд санал болгох, худалдах бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй компаниудын болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор баталсан бусад журамд заасан шаардлагуудыг хангаснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх боломжтой болж байна. Үйлчилгээ үзүүлэгч нь хуульд заасан үүрэг, шаардлагыг хангаж СЗХ-нд бүртгэсэн тохиолдолд харилцагчдаа таньж мэдэх, тэдгээрийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны эсэхийг тогтоох, виртуал хөрөнгийг эзэмших, арилжихад учирч болох техникийн болон залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох эрсдэлүүдийг урьдчилан харилцагч нарт танилцуулах үүргийг биелүүлж ажиллах талаарх зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийг дагалдан найман журам батлах ёстой бөгөөд журмуудыг Санхүүгийн зохицуулах хороо боловсруулж байгаа юм. СЗХ зарим боловсруулсан журмуудад олон нийтээс санал авч байгаа бөгөөд журмын төслүүдтэй танилцаж, 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотор холбогдох саналаа хүргүүлж болох юм байна (холбоос http://www.frc.mn/a/3910).
Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд аливаа компанийг СЗХ-оос вируал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхгүй. Энэ хугацаанд СЗХ нь дээр дурдсан дагалдан журмуудыг боловсруулж, батлах ёстой байна. Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд энэ дөрвөн сарын хугацаа дууссанаас хойш гурван сарын дотор хуульд заасан шаардлагыг хангаж, СЗХ-нд бүртгүүлж болно.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй гэж хуульд тодорхой заасан байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй байхаар зааж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглосон байна.
Хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хуулийг зөрчсөн хүнийг нэг мянгаас гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг арван мянгаас хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, албадлагын арга хэмжээ авахаар хуульчилсан байна.
Ийнхүү 10 сараас виртуал хөрөнгийн салбар маань нэлээн зохицуулалттай болж, цэгцэрч эхлэхээр байна.