Tag Archives: Гааль

Оюуны Эрхэд Хамаарах Бүтээгдэхүүнийг Гаалийн Мэдээллийн Баазад Бүртгүүлэх Зохицуулалт

Оюуны өмчийн эрхэд хамаарах бараа, бүтээгдэхүүнийг гаалийн хилээр нэвтрүүлэх асуудлыг Гаалийн ерөнхий газрын дарга болон Оюуны өмчийн газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 298/41 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-аар нарийвчилан зохицуулсан байна.

Оюуны өмчийн эрх эзэмшигч нь өөрийн эрхэд хамаарах барааг гаалийн бүртгэлд бүртгүүлж, гаалийн мэдээллийн баазад оруулах эрхтэй.

Гаалийн мэдээллийн баазад оруулахын тулд эрх эзэмшигч нь өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Гаалийн ерөнхий газарт өөрийн эрхэд хамаарах барааг гаалийн мэдээллийн баазад оруулах тухай хүсэлт гаргах ба энэ нь оюуны өмчийн эрхэд хамаарах барааны нэр (тайлбар, дүрс), эрх эзэмшигчийн талаарх мэдээлэл,  оюуны өмчийн эрхийг нотолсон баримт бичиг болон бүртгэлд оруулж хамгаалалтанд авах барааны жагсаалт зэрэг мэдээллийг тусгасан байна. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн бүртгэлд бүртгүүлэхэд аливаа төлбөр хураамж авахгүй.

Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн бүртгэлд бүртгэх шийдвэрийг Гаалийн удирдах төв байгууллагын хяналт, эрсдэл хариуцсан нэгжийн дарга, эсхүл түүний орлогч дарга гаргадаг байна. Ийнхүү гаалийн бүртгэлд бүртгэгдсэн бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг ажлын нэг өдөрт багтаан холбогдох бусад гаалийн байгууллагад мэдээллэдэг байна.

Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын хугацаа дуусгавар болсон, оюуны өмчийн эрх дуусгавар болсон, эрх эзэмшигчийн нэр өөрчлөгдсөн болон оюуны өмчийн эрхэд аливаа өөрчлөлт орсон бол эрх бүхий байгууллага эсвэл өргөдөл гаргагч гаалийн бүртгэлд засвар оруулахаар хандаж болно.

Гаалийн бүртгэлд засвар оруулахдаа холбогдох мэдээллийг сайтар шалгаж, Гаалийн удирдах төв байгууллагын хяналт, эрсдэл хариуцсан нэгжийн дарга, эсхүл түүний орлогч даргын шийдвэрээр ажлын 3 өдөрт багтаан хийж гүйцэтгэдэг байна.

Гаалийн удирдах төв байгууллагын Хэвлэлийн алба  гаалийн бүртгэлд бүртгэгдсэн барааны жагсаалт болон түүнд орсон өөрчлөлтийн талаар гаалийн албан ёсны хэвлэлд, зарим мэдээллийг гаалийн интернет сайтад зохих этгээдийн зөвшөөрлөөр тавьж болдог байна.