Tag Archives: Гүйцэтгэх ажиллагаа

БАРЬЦААНЫ ЗҮЙЛИЙГ ШҮҮХЭЭС ГАДУУР ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.2, 44.1, 45.1 -т Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгасан бол шүүхээс гадуур явуулж болох тухай зохицуулсан.  Барьцааны зүйлийг талууд шүүхээс гадуур, эсхүл шүүхийн журмаар худалдаж болно.

 Барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаалуулагчаас шаардах эрхтэй. Үүргийн гүйцэтгэлийг шаардах тухайгаа барьцаалуулагчид бичгээр мэдэгдэнэ гэж заасан байна. Тиймээс эхний алхам бол Барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардсан албан бичиг буюу 30 хоногийн мэдэгдэл Барьцаалуулагчид өгнө.  

 Барьцаалуулагч 30 хоногийн дотор хариу өгөөгүй бол энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, барьцаааны зүйлийг худалдах ажиллагааг эхлүүлнэ.  

Дуудлага худалдааны үнийг гэрээний талууд тохиролцоно, хэрвээ тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. 

Дуудлага худалдааг үнэ хаялцулах замаар нээлттэй явуулна. Хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд дуудлага худалдааны ялагч болно.

Хэрвээ дуудлага худалдааны явцад өрсөлдөөн гараагүй эсвэл  ялагч нь өөрийн санал болгосон үнийг гэрээнд заасан хугацаанд зохих дансанд оруулаагүй бол дуудлага худалдаа болоогүй гэж үзэн дахин дуудлага худалдаа явуулна. Энэ тохиолдолд ажлын 2 хоногт багтаан дуудлага худалдаа болоогүй тухай мэдээллийг анхны зар нийтлэгдсэн хэвлэлд нийтлүүлнэ.

Барьцаалагч нь дуудлага худалдаа болоогүй гэж зарласнаас хойш 10 хоногийн дотор барьцаалуулагчтай тохиролцож гэрээ байгуулан барьцааны зүйлийг дуудлага худалдааны анхны үнээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй.

Хэрвээ барьцаалагч барьцааны зүйлийг дуудлага худалдааны анхны үнээр өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй бол 2 дахь дуудлага худалдааг 1 сарын дотор явуулна.

Өрсөлдөөн гараагүй гэсэн үндэслэлээр 2 дахь дуудлага худалдааг явуулбал дуудлага худалдааны анхны үнийг 20 хүртэл хувиар бууруулна.

Ялагч нь өөрийн санал болгосон үнийг гэрээнд заасан хугацаанд зохих дансанд оруулаагүй гэсэн үндэслэлээр дуудлага худалдааг дахин явуулахад дуудлага худалдааны анхны үнийг талууд харилцан тогтооно эсвэл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.

Хоёр дахь дуудлага худалдаа амжилтгүй болсон бол барьцаалагч нь дуудлага худалдааны анхны үнийн 40 хувиас илүүгүй үнээр барьцааны зүйлийг авах эрхтэй.

Барьцааны зүйлийг худалдсан, эсвэл барьцаалагч нь барьцааны зүйлийг өөрийн шаардлагад тооцон авсан, эсхүл барьцаалагч нь  дуудлага худалдааны анхны үнийн 20% болон 40% -аар барьцааны зүйлийг худалдаж авах эрхээ хэрэгжүүлээгүй бол барьцааны эрх дуусгавар болно.

Барьцаалагч нь барьцааны зүйлийг шилжүүлэн авсан, эсвэл түүнийг дуудлага худалдаагаар худалдсан бол барьцааны зүйлийн шинэ өмчлөгчид шилжсэнийг бүртгүүлнэ.