Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа эрсдлийг бууруулах зорилгоор, Монгол улсын хууль тогтоомжинд зайлшгүй сав баглаа боодол болон шошго хэрэглэх зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тогтоож журамласан аж. Монгол улс дах хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын харилцааг зохиоцуулсан хуулийн эрх зүйн сурвалж болох “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, 2013 онд батлагдсан “ Зайлшгүй сав, баглаа болон боодол болон шошго хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний төрлийг тодорхойлох, шошголох журам” болон Стандартчиллын үндэсний зөвлөлийн 64-р тогтоолоор баталсан MNS 6648:2016 код бүхий “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага” стандартад сав боодлыг шошгололтонд тавигдахад шаардлагатай мэдээллийг тусгасан болно.
Эдгээр эрх зүйн актын дагуу, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар, үйлдвэрлэсэн огноо зэрэг мэдээллийг бүтээгдэхүүний шошго дээр зайлшгүй оруулах юм. Харин MNS 6648:2016 кодтой “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага” стандартад дээрх мэдээллийн шаардлагыг нарийвчлан заасан байна. Тухайлбал, тус Стандартын 5.7.1./а/ хэсгийн дагуу хадгалах хугацааг тэмдэглэхдээ “хадгалах хугацаа” нь 3 сараас ихгүй бол сар, өдрийг, харин 3 сараас дээш хадгалалтын хугацаатай бараа бүтээгдэхүүнд он, сарыг бичих шаардлага тавигддаг.
Хүнсний чиглэлийн компаниуд эдгээр стандартыг “зааварчилгаа” төдий гэж ойлгон, дагах үгүй эсэхээ өөрийн сонголтоор шийдэх асуудал биш юм. Иймд нэгэнтээ өөрсдийн үйл ажиллагаанд дээрх хууль, дүрэм журам, холбогдох стандартыг зайлшгүй дагаж мөрдөх үүрэгтэй тул зөрчлийн шинж чанараас хамаарч тэдгээрт хариуцлага ногдуулах хэд хэдэн хэлбэр бий.
Үүнд, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуулийн 27.2-т зааснаар иргэн ба хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаанд Монгол улсын стандарт болон техникийн зохицуулалтыг сахин биелүүлэх үүрэгтэй. Үүний дагуу, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиас гадна хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд Зөрчлийн тухай хууль ба Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Зөрчлийн тухай хуулийн 6.15-р зүйлийн 4 дэх хэсэгт шаардлага хангаагүй шошго бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татаж аваагүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.
Харин хэдийгээр эрүүгийн хуульд сав, баглаа боодол эсхүл шошгыг тусгайлан заасан зүйл заалт байхгүй боловч эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний, эсхүл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зориуд худалдсан, түгээсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тус тус заажээ.