Tag Archives: корпораци

Итгэмжлэл, түүнд тавигдах хууль зүйн шаардлага

Иргэн, хуулийн этгээд өөрийн нэрийн өмнөөс хууль ёсны тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх бүрэн эрхийг хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр өөр бусад этгээд /төлөөлөгч/-д олгож болно. Төлөөлөгч нь итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд түүнээс үүсэх эрх, үүрэг нь зөвхөн төлөөлүүлэгчид бий болдог.

Итгэмжлэлээр төлөөлөхөд төлөөлөгч нь иргэний эрх зүйн бүрэн, бүрэн бус, хязгаарлагдмал чадамжтай иргэн болон хуулийн этгээд байж болно.

Бичгээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байх бөгөөд шаардлага хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна. Үүнд:

– итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;

– хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;

– олгосон он, сар, өдрийг заах;

– хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;

– итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах. Итгэмжлэл нь хугацаатай ба хугацаагүй байна. Хугацаа заасан итгэмжлэлийн хувьд итгэмжлэлийн хугацаа 3 жилээс илүүгүй байх ба хэрэв хугацаа заагаагүй бол олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Гадаадын компанийн салбарыг Монгол Улсад байгуулах

Өнгөрсөн долоо хоногуудад манай хуулийн фирмийн монгол хуульчид гадаадын компанийн салбарыг Монгол Улсад хэрхэн байгуулах талаарх асуултуудад түлхүү анхаарч ажиллав.

Гадаадын компанийн салбар гэдэг нь тухайн компанийн оршин байгаа газраас өөр газар буюу Монгол Улсад байрладаг гадаадын компанийн нэгж хэсэг юм. Үүнээс харвал салбар нь гадаадын компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг гүйцэтгэх, толгой компаниас хараат байгууллага гэж үздэг. Компанийн салбар нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан гадаадын компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна. Мөн өөрийн салбарын үйл ажиллагаанаас үүдэлтэй үр дагаврыг гадаадын компани хариуцна.

Монгол Улсад гадаадын хуулийн этгээдийн салбарыг бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ. Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгосон бусад этгээд нь улсын бүртгэлд өргөдөл гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана. Үүнд:

  • Гадаадын хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийн хуулбар.
  • Салбар, төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр.
  • Салбарын удирдлага томилох болон салбарын байрших хаяг, утасны дугаарыг тодорхойлсон хувьцаа эзэмшигчдийн шийдвэр.
  • Салбарын хаяг, утас, эрхлэх үйл ажиллагааг тусгасан байгууллагын журам.
  • Удирдлага нь гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар.
  • Түрээсийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг салбарын хаягийн нотлох баримт.

Гадаад хэл дээр хийгдсэн бүх бичиг баримт баталгаат орчуулгаар орчуулагдсан байх ёстой бөгөөд гадаад улсад үйлдэгдсэн баримт бичгүүд апостиль гэрчилгээгээр баталгаажсан байна.

Спорт бооцооны үйл ажиллагаа Монголд хуульчлагдсан уу?

Сүүлийн үед цахимаар спорт бооцоот таавар зохион байгуулах, оролцох байдал хүмүүсийн дунд элбэг болсонтой холбоотой манай үйлчлүүлэгчээс Монгол Улсад энэ талаарх эрх зүйн зохицуулалт байдаг эсэх, спорт бооцоо нь мөрийтэй тоглоомд тооцогдох эсэх талаар зөвлөгөө өгөхийг хүслээ.

Монгол Улсад 1999 оноос хойш Казино байгуулах, ажиллуулахыг хориглож байгаа бөгөөд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулахыг гэмт хэрэг, зөрчилд тооцох зохицуулалттай байдаг. Тэгвэл спорт бооцоо нь мөрийтэй тоглоомын ангилалд багтах эсэх нь эргэлзээтэй асуудал юм.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл олон нийтийн газар, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол гэмт хэрэг гэж үзэхээр хуульчилсан бөгөөд тухайн мөрийтэй тоглоомыг тоглосон нөхцөлд зөрчил гэж үзэхээр зохицуулсан байна. Тэгвэл, спорт бооцоо Монгол Улсын хууль, тогтоомжид заасан мөрийтэй тоглоом гэх ангилалд хамаарахгүй юм. Учир нь спортын бооцоо тавих нь сагсан бөмбөг, хөл бөмбөг, теннис гэх мэт бодит спортын тоглоомуудад мөрий тавих замаар үр дүнг урьдчилан таамаглах ажиллагаа байдаг. Ингэхдээ бооцоо тавигч өөрийн ур чадвар, мэдлэг, мэдээлэл дээр тулгуурлаж магадлалыг тодорхойлон үр дүнг таамаглах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, үр дүнг урьдчилан таамаглах боломжтой, дан ганц азад найдаж мөрий тавьдаггүйгээр мөрийтэй тоглоомоос ялгаатай.

Зөвшөөрлийн тухай хуулиар аж ахуй нэгжид төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодгоос үзвэл Монгол улсад спорт бооцооны үйл ажиллагаа эрхлэх нь хуулиар хориглогдоогүй байна. Харин бооцоот тоглоомын үйл ажиллагаанд 20 сая буюу түүнээ дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхэд Монгол банк гүйлгээг хянах үүрэгтэй.

Монгол Улс дахь Авлигын эсрэг хуулийн үр дүн

Улс төрийн авлига, шүүх, хяналтын байгууллагын авлигаас үүдэлтэй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулагч, компаниудын хувьд авлигын асуудал өндөр эрсдэл дагуулдаг. Монгол Улс 1996 оноос эхлэн авлигын эсрэг хууль тогтоомж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр зэрэг үйл ажиллагаагаар авлигатай тэмцэж байна. Тухайлбал, Эрүүгийн хууль болон Авлигын эсрэг хууль нь авлига, хээл хахуулийг идэвхитэй болон идэвхгүй хувилбараар өгч авахыг хориглосон байдаг. Гэтэл Монгол Улсын авлигын индекс сүүлийн 3 жил буураагүй, тэр ч бүү хэл авлигын индекс энэ онд нэмэгдсэн нь авлигын эсрэг хуулийн үр дүн, хэрэгжилтийн талаар эргэлзээ дагуулж байна.

Жил бүр Транспэрэнси олон улсын байгууллагаас улс орнуудын авлигын талаар шинжээч бизнес эрхлгэчдийн судалгаан дээр үндэслэн авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг. 2020-2022 онд Монгол Улс 35 оноо авч, авлигын индексээр 180 улсаас 111-т эрэмбэлэгдсэн бол энэ онд 33 оноогоор 116 дугаар байрт орсон байна.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль мөрдөгдөж эхэллээ

Сүүлийн жилүүдэд хэд хэдэн компани, байгууллагууд өөрийн койн, токенуудыг гаргаж, арилжаалсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь технологийн дэвшлийг ашиглаж, бага зардалтайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэх давуу талтай ч койн, токенуудыг арилжаалах үйл явц нь маш богино хугацаанд, өндөр үнийн дүнтэйгээр явагдаж байгаа. Энэхүү үйл явцыг дагасан цахим гэмт хэрэгт иргэд, хөрөнгө оруулагчид хохирох, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт өөрсдөө мэдэлгүй холбогдох өндөр эрсдэлтэй тул тусгайлсан эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан талаар хууль санаачлагчид тэмдэглэсэн. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд өргөн мэдүүлснийг УИХ арванхоёрдугаар сарын 17-нд баталсан. Хууль өнгөрсөн 2-р сарын 25-наас хүчин төгөлдөр болж, хэрэгжиж байна.

Виртуал хөрөнгийг зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулан нийтэд санал болгох, худалдах бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй компаниудын болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор баталсан бусад журамд заасан шаардлагуудыг хангаснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх боломжтой болж байна. Үйлчилгээ үзүүлэгч нь хуульд заасан үүрэг, шаардлагыг хангаж СЗХ-нд бүртгэсэн тохиолдолд харилцагчдаа таньж мэдэх, тэдгээрийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны эсэхийг тогтоох, виртуал хөрөнгийг эзэмших, арилжихад учирч болох техникийн болон залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох эрсдэлүүдийг урьдчилан харилцагч нарт танилцуулах үүргийг биелүүлж ажиллах талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийг дагалдан найман журам батлах ёстой бөгөөд журмуудыг Санхүүгийн зохицуулах хороо боловсруулж байгаа юм. СЗХ зарим боловсруулсан журмуудад олон нийтээс санал авч байгаа бөгөөд журмын төслүүдтэй танилцаж, 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотор холбогдох саналаа хүргүүлж болох юм байна (холбоос http://www.frc.mn/a/3910).

Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд аливаа компанийг СЗХ-оос вируал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхгүй. Энэ хугацаанд СЗХ нь дээр дурдсан дагалдан журмуудыг боловсруулж, батлах ёстой байна. Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд энэ дөрвөн сарын хугацаа дууссанаас хойш гурван сарын дотор хуульд заасан шаардлагыг хангаж, СЗХ-нд бүртгүүлж болно.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй гэж хуульд тодорхой заасан байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй байхаар зааж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглосон байна.

Хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хуулийг зөрчсөн хүнийг нэг мянгаас гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг арван мянгаас хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, албадлагын арга хэмжээ авахаар хуульчилсан байна.

Ийнхүү 10 сараас виртуал хөрөнгийн салбар маань нэлээн зохицуулалттай болж, цэгцэрч эхлэхээр байна.