Татвар
төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 43-р зүйлд заасны дагуу холбогдох баримт, бүртгэлд үндэслэн
хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд
тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвараа төлөх
үүрэгтэй.
Татварын
тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн
хугацаа адил байна.
Аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүсийн нийтлэг төлдөг албан татвар төлөх,
тайлагнах хугацааг танилцуулъя.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
Албан татвар төлөгч нь сар бүрийн
25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг
дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2-р
сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн
эцсийн тооцоог хийнэ.
Хувь хүний орлогын албан татвар
Албан татвар суутгагч нь албан
татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг дараа сарын 10-ны өдрийн
дотор холбогдох төсөвт шилжүүлж, суутгасан албан татварын улирлын тайланг дараа
улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2-р сарын
15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
Нэмэгдсэн өртгийн албан татвар
Албан татвар суутгагч нь
борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг хуульд заасан журмын
дагуу суутган авч дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд
шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана.
Нийслэл хотын албан татвар
Албан татвар суутгагч нь тухайн
сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын
10-ны өдрийн дотор төсөвт төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын
эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушаана.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар
Хувь хүн нь авто тээврийн болон
өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6-р
сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6-р сарын 1-нээс
хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол
харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох
татварыг төлнө.
Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 1-р сарын
26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл,
төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчлэсэн журмын
дагуу нийслэлд Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын
дугаарын сүүлийн тоонооос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл автомашины
улсын дугаар 1, 6 тоогоор төгссөн бол 1-р сард, 2, 7 тоогоор төгссөн бол 2-р
сард, 3, 8 тоогоор төгсссөн бол 3-р сард, 4, 9 тоогоор төгссөн бол 4-р сард, 5,0
тоогоор төгссөн бол 5-р сард тус тус албан татвар, төлбөр хураамжаа төлнө.
Аж ахуйн нэгж, байгууллага
автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү
хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа
оны 2-р сарын 15-ны дотор тайланг татварын албанд хүргүүлнэ.
Газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
Газрын
төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол
жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны
өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага (албан
тушаалтан) нь
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ болон
газрын төлбөрийн тухайн шатны тайлангийн нэг хувийг татварын албанд тушаана.
Татвар
төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1-р сарын 15-ны өдрийн байдлаар байгаа
үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно. Үл
хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан
татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож
төлнө. Үл хөдлөх эд
хөрөнгө өмчлөгч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх
эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2-р сарын 15-ны дотор нэг удаа төлнө. Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг
дараа оны 2-р сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана.
Татвар
төлөх, тайлагнах хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын
өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр татварыг төлж тайлагнахаар
хуульчилсан байна. Энэ жил Цагаан сарын баяр 2-р сарын 5, 6, 7-ны өдрүүдэд
таарч, 2-р сарын 8-ны ажлын өдөр (Баасан гараг)-ийг шилжүүлж тус өдрийг бүх нийтийн
амралтын өдөр болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбогдуулан 2018
оны жилийн эцсийн татварын тайлан хүлээж авах эцсийн хугацааг ажлын 5 хоногоор
сунгаж, 2-р сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авах шийдвэрийг татварын газраас
гаргасан байна.
Татварын
ерөнхий хуулийн 45-р
зүйлд заасны дагуу татвар
төлөгч (суутгагч) нь татварын тайланг хуулиар тогтоосон
хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд
тушаах үүрэг хүлээнэ.
Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч
нь татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь түүнийг
татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.