Tag Archives: тоглоом тоглох

Спорт бооцооны үйл ажиллагаа Монголд хуульчлагдсан уу?

Сүүлийн үед цахимаар спорт бооцоот таавар зохион байгуулах, оролцох байдал хүмүүсийн дунд элбэг болсонтой холбоотой манай үйлчлүүлэгчээс Монгол Улсад энэ талаарх эрх зүйн зохицуулалт байдаг эсэх, спорт бооцоо нь мөрийтэй тоглоомд тооцогдох эсэх талаар зөвлөгөө өгөхийг хүслээ.

Монгол Улсад 1999 оноос хойш Казино байгуулах, ажиллуулахыг хориглож байгаа бөгөөд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулахыг гэмт хэрэг, зөрчилд тооцох зохицуулалттай байдаг. Тэгвэл спорт бооцоо нь мөрийтэй тоглоомын ангилалд багтах эсэх нь эргэлзээтэй асуудал юм.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл олон нийтийн газар, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол гэмт хэрэг гэж үзэхээр хуульчилсан бөгөөд тухайн мөрийтэй тоглоомыг тоглосон нөхцөлд зөрчил гэж үзэхээр зохицуулсан байна. Тэгвэл, спорт бооцоо Монгол Улсын хууль, тогтоомжид заасан мөрийтэй тоглоом гэх ангилалд хамаарахгүй юм. Учир нь спортын бооцоо тавих нь сагсан бөмбөг, хөл бөмбөг, теннис гэх мэт бодит спортын тоглоомуудад мөрий тавих замаар үр дүнг урьдчилан таамаглах ажиллагаа байдаг. Ингэхдээ бооцоо тавигч өөрийн ур чадвар, мэдлэг, мэдээлэл дээр тулгуурлаж магадлалыг тодорхойлон үр дүнг таамаглах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, үр дүнг урьдчилан таамаглах боломжтой, дан ганц азад найдаж мөрий тавьдаггүйгээр мөрийтэй тоглоомоос ялгаатай.

Зөвшөөрлийн тухай хуулиар аж ахуй нэгжид төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодгоос үзвэл Монгол улсад спорт бооцооны үйл ажиллагаа эрхлэх нь хуулиар хориглогдоогүй байна. Харин бооцоот тоглоомын үйл ажиллагаанд 20 сая буюу түүнээ дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхэд Монгол банк гүйлгээг хянах үүрэгтэй.