Tag Archives: хөдөлмөрийн хууль

Хөдөлмөрийн гэрээ байгуулахад юуг анхаарах вэ? (гуравдугаар хэсэг)

Төгсгөлд нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцлүүдийн талаар товч дурдая.

Ямар тохиолдолд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулах вэ? Энэ төрлийн гэрээний зохицуулалтын онцлог юу вэ?

Ажил олгогч нь аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Энэхүү гэрээнд хуульд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлөөс гадна ажлын эцсийн үр дүн, ажилтны хүлээх үүрэг хариуцлага, гэрээг дүгнэх журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон ашгаас олгох хувь хэмжээг тусгаж болно. Түүнчлэн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд ажилтны мэдэлд олгож байгаа хөрөнгийн хэмжээ, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, эд хөрөнгийн хариуцлагыг тусгаж болно. Мөн хуульд заасан ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлээс гадна нэмэлт дөрвөн үндэслэлийг хуульчилсан байна.

Хөдөлмөрийн тухай хуульд үл өрсөлдөх үүрэг, ажилтны нууц хадгалах үүрэг, ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг болон ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай нэмэлт нөхцлүүдийг зохицуулсан байна.

Үл өрсөлдөх үүрэг. Ажил олгогч нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно. Тус нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээний үйлчлэх хугацаа нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш нэг жилээс илүүгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээ үйлчлэх хугацаанд ажил олгогч ажилтанд хамгийн сүүлийн сарын цалин хөлснийх нь 50-аас доошгүй хувийн олговрыг сар бүр олгоно. Үл өрсөлдөх үүрэг нь ажилтан гадаадад ажиллахад хамаарахгүй.

Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг. Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно. Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна. Гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө.

Аж ахуйн нэгж, байгууллагын нууц хадгалах, нууцтай харьцах журмыг ажил олгогч баталсан байвал зохимжтой бөгөөд эд хөрөнгийн бүрэн хариуцлага бүхий ажлын байрны жагсаалтыг баталсан байна.