Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “… Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж хуульчилсан.
Үндсэн хуулинд заасан энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд иргэд тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэх эрхийг хуульчилж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт батлагдах шатандаа явж байна.
Энэ маш чухал зохицуулалт юм. Иргэд болон газрын баялгийг ашиглагч компани болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, орон нутгийн удирдлага болох Иргэдийн Төлөөлөгчидийн Хурал, Засаг дарга нарын хооронд гурвалсан маргаан байнга гардаг. Иргэдийн зүгээс тухайн орон нутагт газрын хэвлийн нөөцийг ашиглаж байгаа компани болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нь байгаль орчныг сүйтгэж байна, нөхөн сэргээлт хийхгүй байна гэж гомдол гаргаж, тухайн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахыг шаардах зэрэг тэмцэл явуулдаг. Энэ нь юунаас үүдэлтэй вэ гэхээр иргэдийг мэдэх эрхээр хангадаггүй, хүссэн мэдээлэлийг нь өгдөггүй. Өөрөөр хэлбэл газрын хэвлийн баялгийн ашиглалтын явц, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангахгүй байгаагаас иргэд буруу ташаа мэдээлэл авах, буруу ойлголттой болох зэрэг сөрөг үр дагавар их гардаг байсан.
Нөгөө талаас орон нутгийн удирдлага иргэдэд дээр дурьдсан мэдээлэл өгдөггүй байсантай холбогдож иргэд орон нутгийн Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд итгэх итгэл алдарч улмаар газрын баялгийг ашиглагч компани болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд үйлчилж, иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахгүй, хохироож байна гэж шүүмжлэх тохиолдол маш их гардаг байсан.
Газрын баялгийг ашиглагч компани болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн хувьд тухайн орон нутгийн иргэдийг ажилуулах, орон нутгийг хөгжүүлэхэд зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөхөн сэргээлтийн ажлыг тогтмол хийх зэрэг тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан, тодорхой ажил хийсэн байдаг. Иргэдэд мэдээлэл өгөх эсвэл танилцах боломжоор хангахгүй байгаагаас иргэд хийсэн ажил, оруулсан хөрөнгийн талаар мэдээлэлгүйн улмаас буруу ташаа ойлгох тэдний хооронд үл ойлголцол гарах гэх мэт зөрчил их байдаг байсан.
Тиймээс дээрх зохицуулалт бол иргэдийг мэдээллээр хангах, мэдэх эрхээ эдлэхийг баталгаажуулах, мөн түүнчлэн орон нутгийн удирдлага болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нь хийсэн ажлаа тайлагнах авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэх үүрэг хүлээлгэсэн чухал зохицуулалт болсон гэж үзэж байна.
Дээр дурьдсан хоёр хуульд нэг талаас Иргэн тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд байгалийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид гаргах эрхийг хуулиар олгосон байна.
Нөгөө талаас аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, хүсэлтийн дагуу холбогдох мэдээлэл өгөх, Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнах үүргийг тус тус хүлээсэн байна.
Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн хувьд иргэний хүсэлтийн дагуу өөрийн үйл ажиллагаатай холбоотой газрын баялгийн ашиглалтын явц, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангах үүрэг хүлээсэн байна.