Tag Archives: M&A

Давамгай Байдалтай Хуулийн Этгээд Бусад Хуулийн Этгээдтэй Нийлэх, Нэгдэх Замаар Өөрчлөн Байгуулагдах Зохицуулалт

Давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-оос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авах, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх  бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргаж, шаардлагатай баримтыг хүргүүлэх үүрэгтэй.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 118 дугаар тогтоолоор “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нийлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журам”-ыг баталсан.

Тус журмын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулийн этгээдийн ирүүлсэн өргөдөл, холбогдох материалыг хянаж, нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авах үйл ажиллагааны үр дүнд өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэх эсэхэд хяналт шинжилгээ хийнэ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж зөвшөөрсөн, эсхүл татгалзсан дүгнэлт гаргана. Энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл гаргуулж болно.

Шудaрга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өргөдлийг хянаж өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэнэ гэж үзвэл Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нийлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журмын дагуу татгалзсан дүгнэлтийг гаргана.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гаргасан энэхүү татгалзсан дүгнэлт нь нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх, хувьцаа худалдах болон худалдан авч байгаа хуулийн этгээдийн дүрмийн санд өөрчлөлт оруулж бүртгэхгүй байх үндэслэл болдог байна.

Хэрэв улсын эдийн засагт ашигтай тал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй байх нь нотлогдвол давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нийлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдахыг зөвшөөрч болдог байна.