Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын тухай

Бид өмнөх нийтлэлдээ ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэж байгаа эсэхийг эрх бүхий этгээд буюу мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс (Комисс) дүгнэж, тодорхойлдог талаар бичсэн. Тэгвэл тус комиссыг хэрхэн байгуулдаг, түүний бүрэлдэхүүн, гүйцэтгэх чиг үүрэг, эдлэх эрх, үйл ажиллагааны журмын талаарх мэдээллийг энэхүү нийтлэлээр хүргэж байна.

Юуны өмны аль нэг ажилтан ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр зөвхөн нэг ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг тогтоолгохын тулд бүхэл бүтэн комисс байгуулах нь зохимжгүй юм. Үнэн хэрэгтээ ийнхүү зөвхөн ганцхан ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг тогтоолгох нь эрх зүйн үндэслэлгүй, тухайн ажилтныг ялгаварлан үзсэн хэрэг юм.

Тэгэхээр энэхүү комисс үйл ажиллагаагаа ямар журмаар явуулах ёстой вэ? Ажилтны мэргэжил, ур чадварын үнэлгээг хүний нөөцийн хэлтэс/мэргэжилтэн дан ганцаараа хийх нь зохимжгүй юм. Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам баталж, тус журамд комисс байгуулах журам, түүний бүрэлдэхүүн, эрх, үүрэг, үйл ажиллагааны журам зэрэг зохицуулалтыг заасан байх хэрэгтэй байдаг.

Мөн тус журамд ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох аргачлал, зохион байгуулалтын дэг журам, үнэлгээний шалгуур үзүүлэлт, үр дүнг тооцох арга, журам зэргийг тодорхой заасан байх хэрэгтэй юм.

Комисс нь хүний нөөцийн хэлтэс/мэргэжилтний тусламжтайгаар батлагдсан журмын дагуу ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажлыг зохион байгуулах ба журамд заасан аргачлал, шалгуур үзүүлэлтийн дагуу мэргэжил, ур чадварын түгвшинг тогтооно. Хэрвээ үнэлгээний дүнгээр ажилтан нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй байна гэж комисс дүгнэсэн бол ажил олгогчид тухайн ажилтныг өөрийн санаачилгаар ажлаас халах үндэслэл үүсэх юм. Комиссын бүрэлдэхүүнд байгууллагын удирдлагын түвшний албан тушаалтан, хүний нөөцийн мэргэжилтэн/ажилтан зэрэг этгээдийг томилж болно.

Практикт дараах этгээдийг комиссын бүрэлдэхүүнд томилсон байдаг. Үүнд:

  • хэлтэс, газрын дарга,
  • тухайн чиглэлийн мэргэжилтэн,
  • ажилтны шууд удирдах албан тушаалтан,
  • хүний нөөцийн мэргэжилтэн/ажилтан.

Байгууллагын хүний нөөцийн хэлтэс/мэргэжилтэн нь ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажлыг зохион байгуулахад комисст дараах туслалцаа үзүүлнэ: төлөвлөх, бэлтгэл ажлыг хангах, товыг урьдчилан мэдээлэх, зохион байгуулах, үнэлгээний үр дүнг нэгтгэх, комисст танилцуулах зэрэг байна. Комисс нь өөрөө ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажлын төлөвлөгөө, товыг гаргах, түвшин тогтоох ажлын удирдамж, шалгалтын материал зэргийг боловсруулах, бэлтгэх, түвшинг тогтоох, түвшинг тогтоосон дүн, дүгнэлт гаргах, тэдгээрийг байгууллагын удирдлагад (ажил олгогчид) танилцуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Ажил олгогч нь комиссын дүн, дүгнэлтийг үндэслэн ажилтныг дэвшүүлэх, сургалтанд суулгах, ажлаас халах зэрэг шийдвэрийг гаргаж болно. Байгууллагууд түвшин тогтоох ажлыг ихэвчлэн төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус байдлаар зохион байгуулдаг. Түвшин тогтоох төлөвлөгөөт ажлыг тогтмол жил бүр эсвэл хоёр, гурван жилд нэг удаа зохион байгуулж болно. Энэ нь тухайн байгууллагын үзэмжээс хамаарах юм. Харин түвшин тогтоох төлөвлөгөөт бус ажлыг албан тушаал дэвших, өөр ажил, албан тушаалд шилжих хүсэлтэй ажилтны албан хүсэлтээр эсвэл ажил олгогчийн санаачилгаар зохион байгуулахаар байгууллагууд журамласан байдаг.

Гэхдээ дээр дурдсаны дагуу тухайн ажилтныг албан тушаал дэвшүүлэх зорилгоор түүнд зориулж ганцаарчилсан мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажлыг зохион байгуулах нь эрх зүйн үндэслэлтэй боловч ажилтныг ажлаас халах зорилгоор ганцаарчилсан мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажлыг зохион байгуулах нь эрх зүйн үндэслэлгүй юм.