Category Archives: Dispute Resolution

Монгол дахь дотоодын арбитрын ажиллагаа

Манай Монгол хуульчид ихэвчлэн олон улсын хэмжээнд бизнес эрхлэгч үйлчлүүлэгчдэд хуулийн туслалцаа үзүүлдэг. Манай үйлчлүүлэгчдийн асуудаг асуултуудын нэг нь Монголд дотоодын арбитрын үйл ажиллагаа хэрхэн явагддаг тухай юм.

Дотоодын арбитрын ажиллагаа гэж олон улсын арбитрын ажиллагаанаас бусад арбитрын ажиллагааг олгоно. Талууд гэрээтэй холбоотой маргаанаа дотоодын арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон ба энэ тухай гэрээндээ тусгасан байвал энэхүү гэрээтэй холбоотой аливаа маргааныг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитраар Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.

Талууд өөрөөр тохиролцоогүй бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үйл баримт, тайлбарыг бичгээр гаргаж, хариуцагч нь тэдгээртэй холбоотой тайлбараа нотлох баримтын хамт талуудын тохиролцсон эсхүл арбитрын бүрэлдэхүүнээс тогтоосон хугацаанд гаргаж өгнө. Талууд арбитрын хэрэг үүсгэсэн тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Монголын олон улсын арбитрчдын нэрсийн жагсаалтаас арбитрчаа томилох эрхтэй. Талууд тогтоосон хугацаанд томилоогүй тохиолдолд Арбитрын дарга арбитрчийг томилно. Үүний дараа арбитрын хэрэг хянан шийдвэрлэх журам тогтоох урьдчилсан хуралдааныг товлох бөгөөд хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Талуудын хооронд арбитрын хэлэлцээр хийгдсэн эсэх,
  • Арбитрын харьяаллын маргаан мөн эсэх,
  • Арбитрын ажиллагаа, хуралдаан явуулах газар,
  • Маргаан шийдвэрлэхэд болон ажиллагаанд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээ,
  • Арбитрын ажиллагаа явуулах хэл,
  • Арбитрын үндсэн болон нэмэлт зардал,
  • Гэрч дуудах, шинжээч томилох, хэлмэрч, орчуулагч оролцуулах, нотлох баримт гаргуулах гэх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх,
  • Арбитрын хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх,
  • Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны тов зэрэг.

Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааныг талуудын тохиролцсон журам, Арбитрын тухай хууль болон хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд заасны дагуу явуулж арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ гаргана.

Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэл ба шүүхийн практик

Иргэний Үндсэн хуульд заасан үндсэн эрхийн баталгааг хангах үүднээс эдийн хохирол учирснаас үл хамааран сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрх нээлттэй байх ёстой. Монгол улсын хувьд сэтгэл санааны хохирол шаардлах эрхийг Иргэний хуулиар хязгаарласан. Шүүхийн практикт зөвхөн бусдын нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой сэтгэл санааны хохирлыг гаргуулж байна. Үүнээс бусад тохиолдолд үүсэж болох сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дох заалтыг үндэслэн сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулах тухай тусгайлан зохицуулаагүй гэж тайлбарладаг.

Шүүхийн практикийг судлаж үзэхэд сэтгэл санааны хохирлыг гаргуулахад тодорхой хэд хэдэн нөхцөлийг хангах ёстой болдог. Үүнд:

  • Учирсан сэтгэл санааны хохирол нь хохирогч этгээдэд хамааралтай байх
  • Тухайн хохирлыг дахин засварлах, сэргээх боломжгүй байх
  • Санаатай болон болгоомжгүй гэм, буруутай байх
  • Үйлдэл нь жигшим, зэвүүцмээр, хэнд ч мэдэгдэхүйц үйлдлээр илэрсэн байх
  • Хохирогчид сэтгэл санааны хохиролын хэв шинж илэрсэн байх
  • Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид сэтгэл санааны хохирлоо нөхөн гаргуулах шаардах эрхийг тухайлан заасан байх

Монгол Улсын шүүхийн шийдвэрүүдийг судлан үзэхэд хэргийн хөнгөн, хүнд нөхцөл байдлаас хамааран хохирлыг гаргуулах эсэх нь ихээхэн хамаарч байна. Мөн шүүх хэдийгээр сэтгэл санааны хохирол учирсан эсэх нь нотлогдоогүй гэж үзсэн боловч илтэд ноцтой, зэвүүцмээр, жигшим үйлдэл гаргасан хэргүүдэд хохирогчийн эдийн хохиролд сэтгэл санааны хохирлын дүн, үнэлгээг багтааж нэхэмжлэлийг хангах тохиолдол ажиглагдаж байна. Гэвч иргэний хуулийн 230.2, 511 дэх заалтаар сэтгэл санааны хохирол шаардах эрхийн хүрээг хязгаарласан хэвээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр шаардах боломжийг тусгасан боловч шүүх “Иргэний хуульд тусгайлан заагаагүй” гэсэн үндэслэлээр сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр гаргуулахаас татгалзаж байна.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ

Иргэний хэргийн шүүхээр мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлүүлж дуусаад шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үед хариуцагчид ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө байхгүй байх тохиолдол гардаг. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэний хэргийн маргааныг шийдвэрлэхээс өмнө харицагчийн эд хөрөнгө буюу мөнгө битүүмжлэх,  хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг хориглох, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, нэхэмжлэлээр шаардсан мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах, тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах гэсэн арга хэмжээнүүдийг авч болохоор Иргэний хуульд заасан байдаг.

Практикт шүүх нэхэмжлэгчийн гаргасан шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтийг ихэвчлэн хангаж шийдвэрлэдэг. Гэхдээ хэргийн нөхцөл байдлаас их хамаарна. Иргэний хуулинд дээрх хүсэлтийг шийдвэрлэх хугацаа зааж өгөөгүй учир шийдвэрлэсэн хугацаа харилцан адилгүй байна. Шүүгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг нэн даруй шийдвэрлэх нь эд хөрөнгө, маргааны зүйлийг санаатайгаар нуун далдлах, бусдад шилжүүлэх, үгүй хийх эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Практикт хүсэлтийг шийдвэрлэх, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэхэд хурдан шуурхай биш, цаг алдах удааширах тохиолдол маш их гардаг.

Шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан тохиолдолд уг гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд захирамжийн үйлчлэл зогсох эсэхийг хуульд зохицуулаагүй.Хариуцагч арга хэмжээ авсан захирамжийг эс зөвшөөрч 10 хоногийн дотор анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх уг гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэдэг. Дээрх хугацаанд буюу гомдлыг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд холбогдох захирамжийн үйлчлэл зогсох эсэхийг хуулиар зохицуулаагүйн улмаас гомдлыг хянан шийдвэрлэсний дараа шийдвэр гүйцэтгэх байгууллагад захирамжийг хүргүүлдэг.  Гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхтэй холбоотой ажиллагаа хийж захирамжийн ач холбогдлыг алдагдуулах боломжийг хариуцагчид олгох боломжтой байдаг.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжийг эс биелүүлбэл ямар хариуцлага хүлээлгэх талаар тусгайлан зохицуулаагүй хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97.2-т заасны дагуу торгууль ногдуулах боломжтой. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2,760,000 -5,430,000 тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж хариуцлага ногдуулах боломжтой гэж үзэж байна.