Өмнөх блогт амласны дагуу, энэ удаа та бүрэндаа аудитын үйл ажиллагааны талаар танилцуулахаар бэлдлээ. 2019 оны санхүүгийн жил удахгүй дууссах гэж байгаа тул энэхүү мэдээлэл зарим аж ахуйн нэгж байгууллагад хэрэг болно гэж итгэж байна.
Монгол Улсад аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд аудитын үйл ажиллагаа эрхэлдэг. Одоогоор 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.
Эдгээр аудитын хуулийн этгээд нь санхүүгийн тайлангийн аудит, санхүүгийн тайланг нягтлах, бусад санхүүгийн холбогдох үйлчилгээ үзүүлдэг. Мөн түүнчлэн холбогдох тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх, хөрөнгийн үнэлгээ хийх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон сургалт явуулж болдог.
Монгол улсын хууль тогтоомжийн дагуу зарим аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх үүрэгтэй байдаг. Дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүнийн тайландаа заавал аудит хийлгэдэг. Үүнд:
- санхүүгийн тайлагналын олон улсын стандарт мөрддөг аж ахуйн нэгж, байгууллага;
- нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага;
- өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;
- гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага;
- сан; болон
- Монгол Улсын олон улсын гэрээнд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхээр заасан бусад аж ахуйн нэгж, байгууллага.
Хувьцаат компани болон банкнаас бусад дээр дурдсан ихэнх аж ахуйн нэгж, байгууллага дараагийн санхүүгийн жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор санхүүгийн жилийн тайландаа аудит хийлгэх үүрэгтэй. Харин өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс нэг сарын өмнө санхүүгийн тайландаа аудит хийлгэсэн байхыг шаарддаг байна.
Заавал аудит хийлгэх үүрэгтэй аж ахуйн нэгж байгууллага санхүүгийн тайландаа аудит хийлгэх үүргээ биелүүлээгүй, эсхүл хуульд заасан хугацаанд хийлгээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээх зохицуулалттай.