Саяхан манай үйлчлүүлэгчдийн нэг Монгол Улсад хувийн зорилгоор оршин суух эрх хэрхэн авах талаар зөвлөгөө хүссэн юм. Бид үйлчлүүлэгчийнхээ асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлэхийн сацуу гадаадын иргэний орших суух зөвшөөрлийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсад албан болон хувийн зорилгоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэнийг байнгын оршин суугч гэж үздэг. Хувийн зорилгоор оршин суух зөвшөөрлийг 5 жилээр олгох бөгөөд дараах хэлбэртэй байна. Үүнд:
- Гэр бүлийн шалтгаанаар
- Цагаачлах
- Хөдөлмөр эрхлэх
- Хөрөнгө оруулах
- Суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон хувийн бусад зорилгоор
Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн шаардлагад нийсэн зохих төрлийн визийг Монгол Улсын Цагаачлалын албанаас хүсэх ёстой.
Энэ удаад бид хөрөнгө оруулалтын зорилгоор оршин суухтай холбоотой ерөнхий шаардлага, журмыг танилцуулна.
Хөрөнгө оруулалтын зорилгоор оршин суух (B виз)-г дараах төрлөөр олгоно.
B1 Гадаадын хөрөнгө оруулалттай аж, ахуй нэгжийн хөрөнгө оруулагч.
B2 Гадаадын хөрөнгө оруулалттай аж, ахуй нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч буюу гүйцэтгэх захирлаар томилогдсон гадаад иргэн.
B3 Гадаадын хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал буюу төлөөлөгчөөр ажиллаж байгаа гадаадын иргэн.
Ерөнхий шаардлага
- Урьж буй аж ахуй нэгж, байгууллагын хүсэлт
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
- Гадаад паспорт болон паспортыг орлох баримт бичиг
- Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөл
- Татвар төлөлтийн талаарх сүүлийн 3 жилийн тодорхойлолт
- Хүсэлт гаргаж байгаа ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэл, ажлын газрын үнэмлэх
- Визний хураамж төлсөн баримт
- Мэдүүлгийн хуудас
Оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг энгийн бол ажлын 5 хоногт, яаралтай бол ажлын 3 хоногт шийдвэрлэнэ.
Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гаргана.