Гадаад телевизийн сувгийг Монгол улсад өргөн нэвтрүүлж буй практикийн талаар блог бэлтгэн та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр манай улсад телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд өөрсдийн үндсэн багц үйлчилгээгээр нийт 130 гаруй гадаадын телевизийн сувгийг Монгол улсад цацаж байна. Манай үйлчлүүлэгч гадаад телевизийн сувгийг Монгол улсад өргөн нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардагддаг эсэх талаар биднээс тодруулсан юм.
Монгол улсад одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд гадаад улсын телевизийн оператор, дистрибьютер нь Монгол улсад гадаад улсын сувгийг өргөн нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл авахыг шаарддаггүй байна. Харилцаа холбооны зохицуулах газраас телевизийн өргөн нэвтрүүлэгтэй холбоотой үйлчилгээ эрхлэгч нарт дараах төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна. Үүнд:
- Тоон телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх;
- Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэх; болон
- Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх.
Зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд дээрх тусгай зөвшөөрөл эзэмшихээр хүсэлт гаргах эрхтэй байна. Бодит байдал дээр гадаад улсын телевизийн оператор, дистрибьютер нар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй Монголын хуулийн этгээдтэй гэрээ хийсний үндсэн дээр монгол улсад телевизийн сувгаа дамжуулан нэвтрүүлдэг байна. Гадаад улсын өргөн нэвтрүүлгийн контент Монгол Улсын хууль тогтоомжид харшлахгүй байх үүргийг дамжуулан нэвтрүүлж буй этгээд хүлээдэг байна.
Өргөн нэвтрүүлгийн тухай шинэ хуулийн төсөл Улсын Их Хуралд өргөн баригдсан байгаа ба удахгүй батлагдахаар хүлээгдэж байна. Тус хуулийн төсөлд гадаад улсын телевизийн сувгийг Монгол улсад дамжуулан нэвтрүүлэх гэрээ хийгдэхээс өмнө Харилцаа холбооны зохицуулах газарт бүртгүүлдэг байх зохицуулалт туссан байна.