Монгол Улсын Их хурлаас 2018 онд Улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг шинэчлэн баталж, холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эдгээр хуулиуд 2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хамгийн том давуу тал нь иргэд болон хуулийн этгээдүүдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахим болгож хөнгөвчлөх, улмаар бүх төрийн байгууллагуудад мөрдөх шинэ цахим сүлжээг нэвтрүүлж, өмнөх хуулийн давхцал, хийдлийг арилгах юм байна.
УБЕГ-аас төрийн үйлчилгээний салбарынхан цаасан хэрэглээнээс татгалзах, мэдээлэл, технологийн ололттой талыг ажил хэрэгт нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах гэсэн үндсэн зорилтуудын хүрээнд цахим мэдээллийн www.burtgel.mn сайтыг ажиллуулж эхэлсэн байна. Иргэд болон хуулийн этгээдүүдэд үзүүлэх үйлчилгээг хурдан, түргэн шуурхай, цаг хэмнэсэн, ачаалал багасгасан, иргэнээс илүү зүйл шаардахгүйгээр асуудлыг шууд нэг дор шийдэх зорилготой юм. Энэ сайт руу хандсан иргэн улсын бүртгэлийн байгууллагаас авч болох бүх үйлчилгээг хүнтэй харьцалгүйгээр, интернет нэвтэрсэн орчноос хаанаас ч хамаагүй шууд авах бүрэн боломжтой. Одоогийн байдлаар цахим системээс 10 гаруй төрлийн лавлагааг үнэ төлбөргүй, цаг алдалгүй авах боломжтой байна. Цаашлаад удахгүй иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээг цахим системээр дамжуулан авах боломжтой болох юм байна.
Иргэн өөрөө танигдсан тохиолдолд мэдээлэл лавлагааг авч болно гэж шинэ хуульд тусгасан. Танигдах хоёр хэлбэр байгаа юм. Нэг нь гар утас, нөгөөх нь тоон гарын үсэг. Тоон гарын үсгийн тухай хууль 2012 онд батлагдсан. Тоон гарын үсэгийг Үндэсний дата төв, харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, гэрчилгээ олгодог хувь компаниудаас авч болно.
Иргэд тоон гарын үсэгтэй болсноороо интернеттэй газраас хүссэн бүх мэдээллээ, харьяалал харгалзахгүйгээр авах боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн иргэн өөрийнхөө мэдээллээр интернет орчинд танигдаж байна гэсэн үг. Тоон гарын үсэг бол түлхүүр. Энэ бол нууц үг, нууц код л гэсэн үг. Тухайн иргэн цахим системээс өөрт хэрэгтэй, бүртгэлийн мэдээллээ авахын тулд заавал бүртгэгдсэн байх ёстой. Тэр нь энэ тоон гарын үсэг л юм. Гэхдээ иргэд заавал тоон гарын үсэгтэй байх албагүй. Ухаалаг гар утастай хүнд хэрэггүй. Гар утасны чип буюу ялтсан төхөөрөмжөөр дамжуулан бүртгэлийн мэдээллийг авах боломжтой. Тухайн хүн хүсвэл ямар үүрэн телефоны дугаар хэрэглэдгээсээ хамаараад өөрийнхөө мэдээллийг симэндээ суулгуулж болох юм байна.
Харин хуулийн этгээдийн хувьд тоон гарын үсгийг ашиглаад эхэлчихсэн ба цахимаар татварын тайлан өгөх, цахим тендерт оролцох зэрэг үйл ажиллагаанд ашиглаж байгаа юм.