Энэ удаагийн блогоор бид өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлаас баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар бичих болно.
2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганаар уг хуулийг баталжээ.
Хуулийн зорилго нь цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм.
Гэвч энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлаж, бусад хуулиар нэгэнт зохицуулагдсан харилцааг дахин хуульчилсан, хуулийн төслийг хэлэлцэхдээ олон нийтийн оролцоог хангаагүй гэх шүүмжлэлийг дагуулж байгаа.
Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд уг хуульд хориг тавиад байна.