Иргэний Үндсэн хуульд заасан үндсэн эрхийн баталгааг хангах үүднээс эдийн хохирол учирснаас үл хамааран сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрх нээлттэй байх ёстой. Монгол улсын хувьд сэтгэл санааны хохирол шаардлах эрхийг Иргэний хуулиар хязгаарласан. Шүүхийн практикт зөвхөн бусдын нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой сэтгэл санааны хохирлыг гаргуулж байна. Үүнээс бусад тохиолдолд үүсэж болох сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дох заалтыг үндэслэн сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулах тухай тусгайлан зохицуулаагүй гэж тайлбарладаг.
Шүүхийн практикийг судлаж үзэхэд сэтгэл санааны хохирлыг гаргуулахад тодорхой хэд хэдэн нөхцөлийг хангах ёстой болдог. Үүнд:
- Учирсан сэтгэл санааны хохирол нь хохирогч этгээдэд хамааралтай байх
- Тухайн хохирлыг дахин засварлах, сэргээх боломжгүй байх
- Санаатай болон болгоомжгүй гэм, буруутай байх
- Үйлдэл нь жигшим, зэвүүцмээр, хэнд ч мэдэгдэхүйц үйлдлээр илэрсэн байх
- Хохирогчид сэтгэл санааны хохиролын хэв шинж илэрсэн байх
- Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид сэтгэл санааны хохирлоо нөхөн гаргуулах шаардах эрхийг тухайлан заасан байх
Монгол Улсын шүүхийн шийдвэрүүдийг судлан үзэхэд хэргийн хөнгөн, хүнд нөхцөл байдлаас хамааран хохирлыг гаргуулах эсэх нь ихээхэн хамаарч байна. Мөн шүүх хэдийгээр сэтгэл санааны хохирол учирсан эсэх нь нотлогдоогүй гэж үзсэн боловч илтэд ноцтой, зэвүүцмээр, жигшим үйлдэл гаргасан хэргүүдэд хохирогчийн эдийн хохиролд сэтгэл санааны хохирлын дүн, үнэлгээг багтааж нэхэмжлэлийг хангах тохиолдол ажиглагдаж байна. Гэвч иргэний хуулийн 230.2, 511 дэх заалтаар сэтгэл санааны хохирол шаардах эрхийн хүрээг хязгаарласан хэвээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр шаардах боломжийг тусгасан боловч шүүх “Иргэний хуульд тусгайлан заагаагүй” гэсэн үндэслэлээр сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр гаргуулахаас татгалзаж байна.