Хэрэг хэлэлцэж эхлэх

Шүүгч хэргийн талаар танилцуулснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлнэ. Шүүгч нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг асууж тодруулна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна. Хариуцагч хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу талууд шүүхийн шийдвэр гарахаас өмнө эвлэрч болно.

Хэрэв хэргийн оролцогч талууд шүүхийн шийдвэр гарахаас өмнө эвлэрсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүгч зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана. Тус шүүхийн шийдвэрт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар заасан байх шаардлагатай.

Хэрэв хэргийн зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр эвлэрээгүй бол шүүх хуралдааны үндсэн ажиллагаа үргэлжилнэ.

2.1 Зохигч, оролцогч мэтгэлцэх

Зохигч, хэргийн бусад оролцогч мэтгэлцэх, тайлбар гаргахын өмнө шүүх хуралдаан даргалагч тэдэнд эрх, үүрэг болон үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулна.

Эхлээд нэхэмжлэгч тал маргааны үйл баримт ба нэхэмжлэлийн хууль зүйн шаардлагаа танилцуулах бөгөөд хариуцагч талд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй хууль зүйн үндэслэлээ нотлох баримт гаргах замаар нотолно. Үүний дараагаар нэхэмжлэгч дахин маргааны үйл баримт, нотлох баримт ба хариуцлагчийн гэм бурууг нотлох, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох зорилгоор мэтгэлцэнэ. Хариуцагч тал ч гэсэн үүний адил нэхэмжлэгчийн шаарлагыг хангахаас татгалзах үндэслэл, түүнийг нотлох баримтуудыг танилцуулдаг. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хоорондын мэтгэлцээн хэргийн нөхцөл байдлаас хамаарч 3-4 удаа давтагдаж болно.