Саяхан байнгын үйлчлүүлэгчдийн маань нэг бидэнд хандан ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн ажилтныг ажлаас халахад Хөдөлмөрийн тухай хуульд ямар үндэслэл заасан байдаг вэ гэж асуусан юм. Энэ асуултанд хариулт өгөхөөс өмнө эхлээд ажилтантай ямар төрлийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан бэ гэдгийг тодруулах нь зүйтэй. Учир нь бүх ажилтантай ижил төрлийн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хууль шаарддаггүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хоёр төрлийн хөдөлмөрийн гэрээ байдаг ба тэдгээрийг цуцлах журам нь өөр өөр байдаг.
Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хоёр төрлийн хөдөлмөрийн гэрээ байдаг: (1) хөдөлмөрийн гэрээ болон (2) хөдөлмөрийн контракт. Эдгээр хоёр төрлийн хөдөлмөрийн гэрээний зохицуулалт хоорондоо ялгаатай.
Хөдөлмөрийн харилцаанд орохдоо ажил олгогч иргэнтэй ихэвчлэн хөдөлмөрийн гэрээ байгуулна. Хөдөлмөрийн гэрээнд хуульд заасан үндсэн нөхцлүүдийг заасан байх шаардлагатай.
Харин ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг үнэлэн ажилд авах тохиолдолд түүнтэй хөдөлмөрийн контракт байгуулж болно. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хөдөлмөрийн контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил, албан тушаалын жагсаалтыг 2000 онд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд 93 тоот тушаалаараа баталсан. Уг тушаалд аж ахуйн нэгж, байгууллагын захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий менежер, алба, хэлтэс, тасгийн менежер, аж ахуйн нэгж, байгууллагын доторх нэгж, хэсгийн удирдах албан тушаалд иргэнийг авч ажиллуулахдаа хөдөлмөрийн контракт байгуулж болохоор заасан байна.
Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн контракт нь хоорондоо хэд хэдэн ялгаатай. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, эсвэл талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан тохиолдолд гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол хөдөлмөрийн гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.
Харин хөдөлмөрийн контрактыг таван жил хүртэл хугацаатай байгуулна. Талууд хөдөлмөрийн контракт байгуулах үедээ контрактыг дүгнэх журмыг дэлгэрэнгүй, тодорхой заасан байх шаардлгатай байдаг. Ингэснээр контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг тогтооход хялбар байх юм. Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж ажил олгогч үзвэл контрактыг цаашид сунгаж болно.
Түүнчлэн талууд хөдөлмөрийн контракт байгуулах үедээ ажил олгогчийн өмнө хүлээх ажилтны үүрэг, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас ажилтанд олгох хувь хэмжээ болон түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байх шаардлагатай. Ажил олгогч нь ажилтны гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг үнэлэн түүнийг ажиллуулж байгаа учраас хөдөлмөрийн контрактаар ажиллаж байгаа ажилтан нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнаас илүү их үүрэг, хариуцлага хүлээж тэр хэмжээгээрээ илүү их эрх, урамшуулал, хангамж, хөнгөлөлт эдэлдэг байна.