Шүүх, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүн, тухайн шүүхийн нийт шүүгчдээс татгалзах, татгалзлыг шийдвэрлэх процесс харьцангуй тодорхой мэт боловч хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим нэг бэрхшээл учирдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91-93 зүйлд шүүгчийг татгалзан гаргах үндэсэл, татгалзан гаргах хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх, шүүгчээс татгалзан гаргасны үр дагавар зэргийг зохицуулсан байна. Энэ удаагийн блогоор практикт учирдаг зарим нэг бэрхшээлийг дурьдах болно.
Шүүгч өөрөө татгалзах үндэслэл бүхий эргэлзээ байхгүй бол хэрэг маргааныг заавал шийдвэрлэх үүрэгтэй. Хэргийн оролцогчид нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргахдаа дийлэнхдээ уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзэж байвал уг үндэслэлээр татгалздаг. Энэ үндэслэлд хэргийн аль нэг оролцогчоос шүүгчийн талаар нөгөө талын оролцогчдын нөлөөнд автсан буюу автаж болзошгүй талаар тодорхой баримттай мэдээллийг гаргасан байх, уг мэдээлэл нь баталгаа нотолгоотой байх ёстой.
Гэтэл шүүхийн практикаас харахад энэ үндэслэлээр гаргаж байгаа хүсэлтүүд нь хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн, эрхийг нь хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлийг хамааруулдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэлээр хангах, хангахаас татгалзах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч өөрөө удирдан явуулдаг. Хүсэлтийг хангахаас татгалзаж байна гэсэн үндэслэлээр шүүгчээс татгалзах нь тухайн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна гэж үзэх ч тохиолдол байдаг.
Нөгөө талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хэргийн оролцогчдын аль нэг талд хэт давуу байдал олгох, хэт нэг талд үйлчлэх байдлаар тухайн талд ашигтай шийдвэр гаргах тохиолдол ч байдаг.
Дээр дурьдсан шүүгчээс татгалзах үндэслэлийг нотлоход маш төвөгтэй бөгөөд практикт ихэнхи тохиолдолд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт өгсөн ч хүсэлт хангагдахгүй байх тохиолдол маш элбэг байдаг.
Шүүгчээс татгалзах өөр нэг шалтгаан нь хуульчид шүүх хуралдааныг хойшлуулах, процессыг саатуулан барих тактикаар татгалздаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширах, шүүх хуралдаан хойшлох нь олон хүчин зүйлээс хамаардаг гэхдээ түүний нэг нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн, тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзах талаар гаргасан хүсэлт түүнийг шийдвэрлэх процессоос хамааралтай хойшлолт байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд Шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон нь 445 буюу 7,8% хувь эзэлж байна.