Гадаад ажилтныг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр урих

Энэ удаагийн блогоор Гадаад ажилтныг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр урих ойлголтыг хүргэе.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэхээр урихад ажил олгогч аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад сул орон тоо, тухайн ажлын байранд тавигдах шаардлагын талаарх мэдээллээ хүргүүлж, ажилтан авах хүсэлт гаргана. Тус хуулинд зааснаар аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны мэдээллийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байршуулж, нэн даруй нийтэд мэдээлнэ. Ажил олгогч гадаад улсаас ажилтан авах зорилгоор тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэргэжил, ур чадварыг хэт өндөр тавих, ажлын байрны шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэнийг уригч байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй. (Гэхдээ энэ нь удирдах албан тушаалд ажиллах гадаад иргэн, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын ажилтан, сайн дурын ажилтан, Засгийн газар, төрийн байгууллага хоорондын гэрээний дагуу шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарын байгууллагад ажиллах мэргэжилтэн, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон нарийн мэргэшлийн мэргэжилтэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтэн болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гэрээнд тусгайлан заасны дагуу зөвхөн тухайн гэрээний хугацаанд гадаад улсаас Монгол Улсад ажиллах нарийн мэргэшлийн инженер, түүнтэй дүйцэхүйц ажилтанд хамаарахгүй).

Ажил олгогч гадаад улсаас ажилтан авч ажиллуулах хүсэлтийг дараах баримт бичгийн хамт хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргана:

1. гадаад ажилтан ажиллуулах ажлын байрны ангилал, төрөл, жагсаалт, байршил, тэдгээрийн үргэлжлэх хугацааг тодорхойлсон ажлын төлөвлөгөө

2. улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөлтэй эрхлэх ажил, үйлчилгээнд хамаарах бол зөвшөөрөл

3. гадаад ажилтны мэргэжил, ур чадварыг нотолсон баримт бичиг /тухайн улсын хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаар баталгаажсан байх/

4. Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй гэсэн шаардлагыг хангасан талаарх мэдээлэл

5. үйлчилгээний хураамж төлсөн баримт

6. нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт

7. хууль тогтоомжид заасан бусад.

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь ажлын байр, хөдөлмөрийн гэрээний хугацаанаас хамааран нэг жил хүртэл байх бөгөөд сунгаж болдог.

Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан ажил олгогч гадаад ажилтныг сонгон хөдөлмөрийн гэрээ байгуулж, холбогдох бусад баримт бичгийн хамт хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө авна.

Гадаад ажилтныг Монгол Улсад ирсний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах шаардлагатай.

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсны дараа Гадаад иргэн харьяатын газраас оршин суух зөвшөөрлийг авна.