Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйл ажиллагааг цахимд системд шилжүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, хүртээмжтэй, цаасгүй хүргэх зорилго тавьсан. Мөн түүнчлэн, Патентийн тухай хуулийн 8 дугаар зүйлд шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлгийг цахимаар мэдүүлж болохоор зохицуулсан.
Дэлхийн оюуны өмчийн өдөр буюу 2018 оны 4 сарын 26-ны өдөр oюуны өмчийн мэдээллийн санг ашиглах боломжийг сайжруулах, цахимаар мэдүүлэг гаргах үйл ажиллагааг хөнгөвчилсөн IPOM publish (цахим мэдээллийн сан), E-filing (онлайн мэдүүлгийн систем)-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Эдгээр систем ашиглалтад орсноор шинэ бүтээлийн мэдүүлгээ цахимаар мэдүүлж, патент болон барааны тэмдгийн талаарх мэдээллийг цахимаар авах боломжтой болж байгаа юм.
Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед мэдүүлгийг цахимаар гаргаж, судалгаа шинжилгээний ажилд патентийн мэдээллийг цахимаар олж авах нь цаг, цаас хэмнэх чухал түлхэц болох юм. Эрдэмтэн судлаачид, зохион бүтээгч, үйлдвэрлэгч нар судалгаа шинжилгээний ажилдаа ижил төсөөтэй шийдлүүдийг олж үзэх нь тэдний санааг илүү боловсронгуй, өрсөлдөхүйц болгон хөгжүүлэхээс гадна ирээдүйд учирч болох эрсдлээс хамгаална.