САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гарган хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх үүрэгтэй байдаг тухай бид өмнөх блогт дурдсан. Энэ удаа компанийн санхүүгийн тайлан гэдэгт юуг ойлгох уу, түүнд тавигдах шаардлага, хамрах хүрээнд та бүхний анхаарлыг хандуулъя.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй байдаг. Эдгээр аж ахуйн нэгж байгууллага нь нягтлан бодох бүртгэлээ монгол хэлээр хөтөлж, ажил, гүйлгээгээ үндэсний мөнгөн тэмдэгтээр бүртгэж, тайлагнадаг.

Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргадаг аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

  • санхүүгийн байдлын тайлан;
  • орлогын дэлгэрэнгүй тайлан;
  • өмчийн өөрчлөлтийн тайлан;
  • мөнгөн гүйлгээний тайлан;
  • санхүүгийн тайлангийн тодруулга.

Компанийн гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч нь санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулдаг ба эхний хагас жилийн санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлдэг. Компани нь нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг 10-аас доошгүй жил хадгалдаг байна.

Харилцагч санхүүгийн байгууллага, эсвэл банк, санхүүгийн зах зээлийг хянах, эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллага нь компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн талаар нэмэлт тайлбар, тодруулга шаардах эрхтэй байдаг. Энэ тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь шаардсан тайлбар, тодруулгыг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гаргаж өгөх үүрэгтэй.

Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээдэг. Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна. Компаниуд нь гэрээт нягтлан бодогчтой байдаг ба нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг гаднаас авч ажиллуулж болдог.

            Зарим аж ахуйн нэгж байгууллага, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай компани санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхийг хуулиар шаарддаг. Энэ талаар бид дараагийн блогтоо дэлгэрэнгүй мэдээллэнэ.