Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас анх 2006 оны 07 дугаар сарын 8-ны өдөр баталсан. Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас 2007, 2017 онуудад Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээ хийсэн байдаг.
ФАТФ-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтад Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард оруулсан. Үүнтэй холбогдуулан ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага Манай улсад үүсээд байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар ФАТФ-ын жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг олон талт төрийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан. Тус ажлын хэсэг хууль тогтоомжид өөрчлөлт оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан.
ФАТФ-аас Монгол Улсад үүрэг болгосон ажлын төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хариуцлагын тогтолцооны бүрдэл үндэс болох хуулиудын уялдаа холбоог хангах, зөрчлийг арилгах арга хэмжээг авснаар салбарын давхардал, хийдэлгүй нэгдсэн систем ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Иймд дээр дурдсан хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг харгалзан Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн, олон улсын нийтлэг шаардлагад суурилсан байхад анхаарсан ажээ.
Тухайлбал, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан зарим нэр томъёог тодорхой болгох, хяналт тавих этгээдийг ялгамжтай байдлыг хангах, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт тавих эрх зүйн орчинг бүрдүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээллийг цахимаар Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх, мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах зэрэг зохицуулалтыг хуулийн төслүүдэд тусгасан байна.
Эдгээр хуулийн төслүүд нь удахгүй Монгол улсын их хурлаар хэлэлцэгдэн батлагдахаар хүлээгдэж байна.