Их хэмжээний хэлцлийн талаарх тодорхойлолтыг Компанийн хуулийн 87.1.1, 87.1.2-т тус тус заасан байна. Энд нурших нь илүүц байх, гэхдээ гол агуулгыг нь дурьдая. Их хэмжээний хэлцэл гэж сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ хэлцэл эсвэл компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш хэмжээний энгийн хувьцаа, энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргахад хамаарах талаар заасан.
Тэгэхээр их хэмжээний хэлцэл нь эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбоотой хэлцэл багтдаг байна. Компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн (компанийн хувьцаа болон бусад үнэт цаасыг оролцуулан) зах зээлийн үнийг тодорхойлох хэрэг гарна. Худалдагч худалдан авагч хоёрын харилцан тохиролцсон үнийг компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнэ гэж ойлгоно.
Их хэмжээний хэлцлийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно. Ингэж тогтоохдоо хараат бус үнэлгээний байгууллагын дүгнэлтийг ашиглаж болно.