Үл Хөдлөх Эд Хөрөнгийг Давхар Барьцаалах Талаар

Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй.

Өмнө нь талуудын байгуулсан гэрээгээр хориглосон бол давхар барьцаалж болдоггүй байсан. 2015 оны Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр тогтоолоор энэхүү зохицуулалт хүчингүй болсон. Тиймээс одоо барьцааны зүйлийг хэдэн ч удаа давхар барьцаалж болох зохицуулалттай.

Барьцаалуулагч нь дараачийн барьцаалагчтай гэрээ байгуулахдаа тухайн барьцааны зүйл өмнө нь барьцаалагдсан талаар түүнд мэдэгдэх үүрэгтэй. Хэрвээ мэдэгдээгүй бол дараачийн барьцаалагчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй. Дараачийн барьцаалагч барьцааны гэрээгээ цуцалж, учирсан хохирлоо мөн нөхөн төлөхийг шаардах эрхтэй.

Талууд барьцааны дараачийн гэрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх барьцааны улсын бүртгэлийн тухай заана.

Өмнөх барьцааны гэрээнд дараачийн барьцааны гэрээний нөхцөлийг тусгасан бол дараачийн барьцааны гэрээг байгуулахдаа өмнөх гэрээнд тусгагдсан нөхцөлийг заавал тусгана. Хэрвээ энэхүү нөхцлийг тусгаагүй бол дараачийн барьцаалагч урьдчилан мэдэж байсан эсэхээс үл хамааран шүүх өмнөх барьцаалагчийн нэхэмжлэлээр дараачийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно. Хэрэв өмнөх болон дараачийн гэрээний барьцаалагч, барьцаалуулагч нь нэг этгээд байвал энэ зүйлд заасан журам хамаарахгүй.

Давхар барьцааг бүртгэх

Давхар барьцааг улсын бүртгэлд бүртгүүлнэ. Дараачийн бүх барьцааны тухай өмнөх барьцааны улсын бүртгэлд тэмдэглэгээ хийнэ.

Барьцааны зүйлийг хэд хэдэн этгээдэд давхар барьцаалсан тохиолдолд барьцаалагчийн шаардлагыг улсын бүртгэлд бүртгэсэн дарааллаар хангана. Өөрөөр хэлбэл, барьцаалагчийн шаардлагыг хангахдаа барьцааны зүйлээс улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллаар хангуулна.

Өмнөх барьцаалагч нь барьцааны зүйлээс өөрийн шаардлагыг тэргүүн ээлжинд хангуулаагүй бол энэ эрх нь дараачийн барьцаалагчид шилжинэ.

Барьцаалагч нь тухайн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа бусад барьцаалагчид энэ тухай бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдэж байгаа гол шалтгаан нь барьцаалагчийн аль нэг нь барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан бол өмнөх болон дараачийн барьцаагаар хангагдах үүргийг шаардах хугацаа болоогүй байсан ч бусад барьцаалагч тухайн барьцааны зүйлээс нэгэн зэрэг хангуулахаар шаардаж болно .Бусад барьцаалагч зөвшөөрсөн бол барьцаа тус бүрийг хангах шаардлагыг тухайн үүргийг гүйцэтгэх хугацааны дарааллын дагуу хангана.