Category Archives: Corporate Commercial

ГАДААД УЛСЫН ТЕЛЕВИЗИЙН СУВГИЙГ МОНГОЛ УЛСАД ӨРГӨН НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ

Гадаад телевизийн сувгийг Монгол улсад өргөн нэвтрүүлж буй практикийн талаар блог бэлтгэн та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр манай улсад телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд өөрсдийн үндсэн багц үйлчилгээгээр нийт 130 гаруй гадаадын телевизийн сувгийг Монгол улсад цацаж байна. Манай үйлчлүүлэгч гадаад телевизийн сувгийг Монгол улсад өргөн нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардагддаг эсэх талаар биднээс тодруулсан юм.

Монгол улсад одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд гадаад улсын телевизийн оператор, дистрибьютер нь Монгол улсад гадаад улсын сувгийг өргөн нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл авахыг шаарддаггүй байна. Харилцаа холбооны зохицуулах газраас телевизийн өргөн нэвтрүүлэгтэй холбоотой үйлчилгээ эрхлэгч нарт дараах төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна. Үүнд:

  • Тоон телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх;
  • Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэх; болон
  • Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх.

Зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд дээрх тусгай зөвшөөрөл эзэмшихээр хүсэлт гаргах эрхтэй байна. Бодит байдал дээр гадаад улсын телевизийн оператор, дистрибьютер нар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй Монголын хуулийн этгээдтэй гэрээ хийсний үндсэн дээр монгол улсад телевизийн сувгаа дамжуулан нэвтрүүлдэг байна. Гадаад улсын өргөн нэвтрүүлгийн контент Монгол Улсын хууль тогтоомжид харшлахгүй байх үүргийг дамжуулан нэвтрүүлж буй этгээд хүлээдэг байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай шинэ хуулийн төсөл Улсын Их Хуралд өргөн баригдсан байгаа ба удахгүй батлагдахаар хүлээгдэж байна. Тус хуулийн төсөлд гадаад улсын телевизийн сувгийг Монгол улсад дамжуулан нэвтрүүлэх гэрээ хийгдэхээс өмнө Харилцаа холбооны зохицуулах газарт бүртгүүлдэг байх зохицуулалт туссан байна.

АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Өмнөх блогт амласны дагуу, энэ удаа та бүрэндаа аудитын үйл ажиллагааны талаар танилцуулахаар бэлдлээ. 2019 оны санхүүгийн жил удахгүй дууссах гэж байгаа тул энэхүү мэдээлэл зарим аж ахуйн нэгж байгууллагад хэрэг болно гэж итгэж байна.

Монгол Улсад аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд аудитын үйл ажиллагаа эрхэлдэг. Одоогоор 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.  

Эдгээр аудитын хуулийн этгээд нь санхүүгийн тайлангийн аудит, санхүүгийн тайланг нягтлах, бусад санхүүгийн холбогдох үйлчилгээ үзүүлдэг. Мөн түүнчлэн холбогдох тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх, хөрөнгийн үнэлгээ хийх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон сургалт явуулж болдог.

Монгол улсын хууль тогтоомжийн дагуу зарим аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх үүрэгтэй байдаг. Дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүнийн тайландаа заавал аудит хийлгэдэг. Үүнд:

  • санхүүгийн тайлагналын олон улсын стандарт мөрддөг аж ахуйн нэгж, байгууллага;
  • нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага;
  • өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;
  • гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага;
  • сан; болон
  • Монгол Улсын олон улсын гэрээнд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхээр заасан бусад аж ахуйн нэгж, байгууллага.

Хувьцаат компани болон банкнаас бусад дээр дурдсан ихэнх аж ахуйн нэгж, байгууллага дараагийн санхүүгийн жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор санхүүгийн жилийн тайландаа аудит хийлгэх үүрэгтэй. Харин өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс нэг сарын өмнө санхүүгийн тайландаа аудит хийлгэсэн байхыг шаарддаг байна.

Заавал аудит хийлгэх үүрэгтэй аж ахуйн нэгж байгууллага санхүүгийн тайландаа аудит хийлгэх үүргээ биелүүлээгүй, эсхүл хуульд заасан хугацаанд хийлгээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээх зохицуулалттай.

НӨАТ-ын товч танилцуулга

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр боллоо.

НӨАТ-ын хуулиар НӨАТ-д хамаарах үйл ажиллагааны төрлийг өргөжүүлсэн. НӨАТ-ын тухай хууль нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх шаардлагын босгыг 10 сая төгрөгөөс 50 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ. Аж ахуйн нэгжийн орлого 10 сая төгрөгт хүрсэн тохиолдолд НӨАТ төлөгчөөр сайн дураар бүртгүүлэх боломжтой.

Мөн хуульд тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд төлсөн татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой татвар төлөгчдийг урамшуулах тогтолцоог нэвтрүүлсэн. Нэгдсэн өртгийн бүртгэлийн системийг бий болгосноор НӨАТ-ын төлбөртэй холбоотой мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах систем, журмыг боловсронгуй болгохыг эрмэлзэж байна.

Албан татвар төлөгч гэж хэн байх вэ?

 Хувь хүн болон хуулийн этгээд байна.

Хувь хүний хувьд өөртөө хэрэглэх зориулалтаар импортоор оруулж ирсэн бараанд татвар төлнө.

Хуулийн этгээдийн хувьд дотооддоо борлуулсан болон  импорт, экспорт хийсэн бараа, ажил, үйлчилгээнд татвар төлнө.

Хөдөлмөрийн гэрээгээр  байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд НӨАТ ногдуулахгүй.

Ямар бараа, ажил үйлчилгээнд НӨАТ ногдуулах вэ?

  • импортлосон болон экспортлосон, МУ-д борлуулсан бүх бараа, ажил, үйлчилгээнд;
  • эрх борлуулах;
  • өрийг бараа, ажил ,үйлчилгээ үзүүлэх замаар хаах;
  • гадаадын иргэн, хуулийн этгээдээс МУ-ын иргэн, хуулийн этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд;
  •  цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, шуудан, харилцаа холбооны болон бусад үйлчилгээ үзүүлэх;
  • бараа түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах;
  •  зочид буудал буюу түүнтэй адилтгах байранд байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
  • үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
  • хуулийн этгээд татан буугдах үед хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч болон албан татвар суутган төлөгч өөртөө бараа үлдээх;
  • оюуны өмчийг шилжүүлэх, түрээслүүлэх, худалдах;
  •  хонжворт сугалаа, төлбөрт таавар, бооцоот тоглоом ;
  • зуучлал /зуучлах, төлөөлөл, комиссын үйлчилгээ;
  • хүү, торгууль, алданги;
  • хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ;
  • төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал;
  • шаардах эрхийг худалдан авах замаар санхүүжилт хийх /факторинг, форфайтинг зэрэг тэдгээртэй адилтгах хэлцэл/;
  • хууль зүйн үйлчилгээ;
  • үсчин, гоо сайхан, засвар үйлчилгээ, угаалга, хими цэвэрлэгээ

Албан татварын хувь хэмжээ хэд байх вэ?

НӨАТ-ын хувь хэмжээ10 хувь байгаа, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн бараа, ажил, үйлчилгээнд зарим өөрчлөлт орсон, тэг (“0” хувь) багтсан байгаа.

МУ-д борлуулсан болон импортоор оруулсан бүх бараа, ажил, үйлчилгээнд 10 хувийн НӨАТ-ийн татвар ногдуулна. Экспортын бараанд татвар ногдуулахгүй. Импортоор оруулсан, эсхүл үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшинд 0-10 хувийн татвар ногдуулна гэхдээ албан татварын хувийг Засгийн газар тогтооно.

     /”0″/ хувийн албан татвар

Экспортод гаргасан, гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа, МУ-ын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол улсаас гадаад улсад, гадаадаас Монгол хүртэл болон дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ, Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн үйлчилгээ болон МУ-д оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ,  олон улсын нислэг үйлдэж байгаа дотоодын болон гадаадын агаарын тээврийн хөлөгний шатахуун, цэвэрлэгээ, нислэгийн явцад дахь худалдаа, хоол, ундаагаар үйлчилсэн үйлчилгээ, Засгийн газар, Монголбанкны захиалгаар дотоодод үйлдвэрлэсэн төрийн одон медаль, мөнгөн тэмдэгт, зоос; ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнд  0 хувийн татвар ногдуулна.

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гарган хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх үүрэгтэй байдаг тухай бид өмнөх блогт дурдсан. Энэ удаа компанийн санхүүгийн тайлан гэдэгт юуг ойлгох уу, түүнд тавигдах шаардлага, хамрах хүрээнд та бүхний анхаарлыг хандуулъя.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй байдаг. Эдгээр аж ахуйн нэгж байгууллага нь нягтлан бодох бүртгэлээ монгол хэлээр хөтөлж, ажил, гүйлгээгээ үндэсний мөнгөн тэмдэгтээр бүртгэж, тайлагнадаг.

Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргадаг аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

  • санхүүгийн байдлын тайлан;
  • орлогын дэлгэрэнгүй тайлан;
  • өмчийн өөрчлөлтийн тайлан;
  • мөнгөн гүйлгээний тайлан;
  • санхүүгийн тайлангийн тодруулга.

Компанийн гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч нь санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулдаг ба эхний хагас жилийн санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлдэг. Компани нь нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг 10-аас доошгүй жил хадгалдаг байна.

Харилцагч санхүүгийн байгууллага, эсвэл банк, санхүүгийн зах зээлийг хянах, эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллага нь компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн талаар нэмэлт тайлбар, тодруулга шаардах эрхтэй байдаг. Энэ тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь шаардсан тайлбар, тодруулгыг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гаргаж өгөх үүрэгтэй.

Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээдэг. Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна. Компаниуд нь гэрээт нягтлан бодогчтой байдаг ба нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг гаднаас авч ажиллуулж болдог.

            Зарим аж ахуйн нэгж байгууллага, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай компани санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхийг хуулиар шаарддаг. Энэ талаар бид дараагийн блогтоо дэлгэрэнгүй мэдээллэнэ.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТУХАЙ

Бид өмнө нь Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бүрэн эрх, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга зэрэг компанийн удирдлагатай холбоотой тухай хэд хэдэн блог нийтэлсэн.

Энэ удаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зохион байгуулах ажиллагааны талаар танилцуулъя. Энэ нь Монгол улсад компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарын сонирхолыг татна гэж бодож байна.

Бидний мэдэж байгаачлан хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит болон ээлжит бусаар хуралдуулж болдог.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн (4) сарын дотор зарлан хуралдуулдаг байна. Хязгаарлагдал хариуцлагатай компани нь Төлөөлөн удирдах зөвлөлгүй бол энэхүү үүргийг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлдэг. Хэрвээ Төлөөлөн удирдах зөвлөл нь дээр дурдсан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй бол түүний бүрэн эрх дуусгавар болдог зохицуулалттай. Энэ нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болсоноос хойш байгуулсан гэрээ хэлцэл  хүчин төгөлдөр бусад байна.

Харин Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Төлөөлөн удирдах зөвлөл дараах нөхцөлд зарлан хуралдуулдаг байна:

  • төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүний 50-аас дээш хувь нь ажиллах боломжгүй буюу ажиллахгүй болсон;
  • төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш  хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан;
  • компанийн алдагдал тухайн тайлант үеийн эцэст өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрсэн;
  • компанийн өр нь хоёр жил дараалан өөрийн хөрөнгөөс илүү болж, хасах утгатай болсон;       
  • төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргасан;                       
  • аудитын хорооноос хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийхийг шаардсан;
  • компанийн дүрэмд заасан бусад тохиолдол.

Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигч нарын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах  тухай санал шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана.

Хэрэв Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан шийдвэр гаргавал санал шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч нар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын эсрэг шүүхэд гомдол гаргаж болдог байна.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогддог. Учир нь тэрээр компанийн албан ёсны шийдвэрийг гаргах болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог. Энэ талаар Компанийн тухай хуулийн 84.1-т зохицуулсан байдаг.

Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөл томилохоор заасан байдаг.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг, эсвэл ял шийтгэл эдэлж байгаа этгээд төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллахыг хориглодог байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх шаардлагыг  Компанийн тухай хуулийн 75.8-т хуульчилсан байна. Энэхүү шаардлага нь хувьцаат болон хязгаарлагдмал хариуцалгатай компанийн ТУЗ-ийн гишүүн болон нарийн бичгийн даргад аль алинд нь хамаардаг байна.

Компанийн тухай хуулийн 82.2, 97.5, 98.2 зүйлд төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажил үүргийг тодорхой тусгасан. Үүнд:

  • төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод үйл ажиллагааг хариуцан зохицуулах;.
  • хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн бичиг хэргийг хариуцан хөтлөх, хувьцаа эзэмшигчид мэдээлэл хүргэх;
  • хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, хурлын зар, хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл болон гарах шийдвэрийн төсөл, бусад баримт бичгийг зохих журмын дагуу бэлтгэх, хүргэх ажлыг зохион байгуулах;
  • хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хөтлөх, гарах шийдвэрийг зохих журмын дагуу баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах зэрэг болно.

Барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичиг

МУ-ын Барилгын тухай хуульд “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл “ буюу барилгын ажлын зөвшөөрөл гэдгийг барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэлнэ. Ийнхүү барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүд Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийгАймаг, нийслэлийн Засаг даргад гаргах шаардлагатай. Ингэхдээ дараах баримт бичгийг хавсаргана:

  • барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;
  • барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;
  • зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  • байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан;
  • гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах.

Түүнчлэн, дээрх заасан баримт бичгээс гадна зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг, мөн барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсаргана.

Аймаг, нийслэлийн Засаг дарга хүсэлтийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрлийг ажлын 10 өдөрт багтаан олгож, гэрчилгээгээр баталгаажуулна.

Барилгын ажлын зөвшөөрөл, түүний хугацаа болон зөвшөөрөл авах процесс

Барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл болон барилгын ажлын зөвшөөрөл авсаны  үндсэн дээр явуулдаг байна.

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгоно. Хэрвээ барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд дахин 5 жилээр сунгаж болно.

Барилгын үйл ажиллагааны тусгай зөшөөрөл авсан хуулийн этгээд нь барилгын ажлын зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Тиймээс, барилгын үйл ажиллагаа явуулдаг компаниудад барилгын ажлын зөвшөөрөл авах нь маш чухал юм.

Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжид дараах төрлийн барилгын ажлын зөвшөөрөл олгоно. Үүнд: i) барилга байгууламжийг шинээр барих, ii) барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барих, iii) барилга байгууламжийг буулгах.

 Барилгын ажлын зөвшөөрлийг аймаг болон нийслэлийн Засаг дарга олгодог байна.  

Барилгын ажлын зөвшөөрлийг авахаар аймаг болон нийслэлийн засаг даргад хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг хавсаргана.Мөн түүнчлэн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад доорх материалыг бүрдүүлж өгнө. Аймаг, нийслэлийн Засаг дарга доорх материалуудыг хянаад ажлын 10 хоногт багтааж шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоно.

  1. барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;
  2. барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;
  3. зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  4. байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан;
  5. гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах.

Барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо дараах мэдээллийг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд тусгадаг байна.Үүнд;

  • барилга байгууламжийн байршлын талаархи мэдээлэл;
  • газрын бүртгэлийн мэдээлэл, кадастрын код;
  • барилгын ажлын зөвшөөрөл олгосон он, сар, өдөр, зөвшөөрлийн дугаар;
  • барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа;
  • барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа үйлчилж эхлэх он, сар, өдөр;
  • барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлын талаархи мэдээлэл;
  • барилга байгууламжийн ангилал;
  • барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн талаархи мэдээлэл;
  • барилгын ажлын зөвшөөрөл олгосон ажилтны албан тушаал, гарын үсэг.

Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно. Хугацааг барилгын ажил эхлүүлэхээр заасан өдрөөс эхлэн тооцно. Захиалагч барилгын ажлын зөвшөөрлийг сунгуулахаар хүсэлтээ  хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө  аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана. Засаг дарга хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан шийдвэрлэж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулна. Хэрвээ захиалагч барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хүсэлт гаргаагүй бол барилгын ажлын зөвшөөрлийг дээр дурьдсан процессын дагуу шинээр авна.

Үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монголын компанид хүлээлгэх хариуцлага

Бид дотоод хяналтын нэгж байгуулахад монголын компанид тавигдах шаардлага болон тухайн нэгж нь ямар хэлбэртэй байх талаар өмнө нь бага зэрэг бичсэн. Хуулийн дагуу монгол компаниуд хяналтын нэгж зайлшгүй бий болгох шаардлагатай хэдий ч дотоод хяналтын нэгжийг байгуулаагүй компанид ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй болохыг уншигчид анзаарсан байхаа.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хяналтын нэгж/хороо байгуулаагүйд хариуцлага хүлээлгэхгүй харин компанийн ажилтан, албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан тохиолдолд компанид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Компанид дотоод хяналт шалгалтын нэгж/хороог байгуулж ажиллуулах үүрэг хүлээлгэснээр аливаа хууль зөрчсөн үйл ажиллагаанд компанийг хариуцлагатай болгож байгаа юм. Хууль зөрчсөн/хууль биелүүлээгүй нь санаадгүй эсвэл тухайн нэг ажилтны зөвшөөрөлгүй хийгдсэн үйлдэлд ч хариуцлага хүлээлгэнэ. Хэрвээ компани нь өөрийн үйл ажиллагаанд нийцсэн дотоод хяналтын нэгжийг байгуулаад, дүрэм журмаа дагаж мөрдөөд байвал хариуцлагагүй байдал бий болохгүй байх магадлалтай.

Монголын компаниуд дотоод хяналт шалгалтын болон аудитын хороог байгуулах хуулийн шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Дотоод хяналт нь компанийн удирдлагуудад хуулийн хариуцлага хүлээлгэх, том асуудалд хүрэхээс өмнө аливаа зөрчил, дутагдлыг илрүүлэх, зогсоох, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангана. Ямар ч тохиолдолд аливаа хууль зөрчсөн, хууль биелүүлээгүй үйл ажиллагаанд компани хариуцлага хүлээлгэхээр хуулинд заасан учир энэхүү эрсдлийг бууруулах үүднээс дотоод хяналтын процедур бий болгох нь зүйтэй.

Таны Монгол компанид хэрэгжүүлэх хяналтын хувилбар

Өчигдөр бид Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компани болгон дотоод хяналт болон аудитын хороотой байх талаар ярьсан. Хороо нь баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулна, журмыг компани (аж ахуйн нэгж) өөрөө баталж, дагаж мөрдөнө. Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон дотоод хяналт шалгалт зохион байгуулах журамтай байх талаар Засгийн газрын тогтоолоор нарийвчилан заасан.

Энэхүү журамд нийцүүлэн компани (аж ахуйн нэгж) нь дотоод хяналт болон аудитын хороо байгуулах ёстой, томоохон компаниудын хувьд иж бүрэн хэлтэс байх нь илүү зохимжтой. Жижиг компаниудын хувьд хяналт шалгалтыг хариуцсан ажилтан томилж ажиллуулах боломжтой. Эдгээр ажилтан, хороо, хэлтэс нэгж нь дотоод хяналт шалгалтын болон аудитыг хариуцан ажиллана.