Category Archives: Uncategorized

Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах шинэчилсэн журам батлагдлаа (хэсэг 2)

Бид өмнөх нийтлэлдээ танилцуулсан Маргаан шийдвэрлэх комисс (“комисс”)-ын ажиллах журам болон өмнө нь мөрдөгдөж байсан журмын онцлох ялгаа, журмын шинэ нэмэлт өөрчлөлтүүдийг энэхүү нийтлэлдээ үргэлжлүүлэн танилцуулж байна.

Шинэчилсэн журмын дагуу маргаан хянан шийдвэрлэх комиссын хуралдааныг комиссын дарга даргалах ба түүнийг эзгүйд даргын үүрэг болгосноор түүний үүргийг түр гүйцэтгэх комиссын аль нэг гишүүн даргалж, гишүүдийн олонхи оролцсоноор хурлыг хүчинтэй тооцох юм байна. Хуралдаанд комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах (батлах) эрхтэй оролцох бөгөөд Оюуны өмчийн газар (ОӨГ)-ын дарга зөвлөх эрхтэйгээр оролцож болно. Энэ тохиолдолд хэлэлцэж байгаа асуудлын талаар ОӨГ-ын даргын саналыг заавал сонсоно. Комиссын нарийн бичгийн даргад комиссын дотоод ажлыг хариуцах, хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдааны тэмдэглэлийг хөтлөх үүргийг шинээр нэмж оногдуулсан байна.

Өмнөх журмын дагуу комиссын шийдвэр нь дүгнэлт, тогтоол гэсэн хоёр хэлбэртэй байсан бол шинэчилсэн журмын дагуу зөвхөн тогтоол хэлбэртэй байхаар зохицуулсан байна. Тогтоолыг 7 хоногийн дотор ОӨГ-ын даргад хүргүүлж, ОӨГ-ын дарга уг тогтоолыг 3 хоногийн дотор тушаалаараа баталгаажуулна. Хэрвээ тогтоолыг баталгаажуулах үндэслэлгүй гэж үзвэл шалтгааныг тодорхой тусгасан тайлбарын хамт комисст буцаана. Комисс нь ОӨГ-ын тайлбарыг хуралдаанаараа хэлэлцэн хүлээн зөвшөөрвөл гаргасан тогтоолоо өөрчлөх, эсвэл эс зөвшөөрвөл тогтоолоо ОӨГ-ын даргад хүргүүлж шийдвэрлүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргах юм байна. Комиссын дарга тогтоолыг хуралдаанд танилцуулснаар хүчин төгөлдөр болно.

Шинэчилсэн журамд комиссын хэрэгжүүлэх бүрэн эрх, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас комиссын гишүүнийг татгалзан гаргах үндэслэл зэрэг зохицуулалтуудыг шинээр нэмж тусгасан байна. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас комиссын гишүүнийг журамд заасан үндэслэлээр татгалзан гаргасны улмаас комиссын хуралдааны ирц бүрдэхгүй тохиолдолд ОӨГ-ын дарга тухайн тодорхой маргааныг хянан шийдвэрлэх комиссыг томилох юм байна.

Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах шинэчилсэн журам батлагдлаа (хэсэг 1)

2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц өөрчлөгдөж, Оюуны өмчийн газар (ОӨГ) болон Улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн хоёр тусдаа агентлаг болон хуваагдаж, тус тусын чиг үүргээр ажиллах болсон. Ийнхүү хуваагдсанаас хойш ОӨГ нь өөрийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж шинэчлэх, зарим дүрэм журмыг шинэчлэх, тухайлбал Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмыг шинэчлэн батлуулах ажлуудыг хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ОӨГ-ын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын үйл ажиллагаа тодорхой бус хугацаагаар зогссон байсан.

2019 оны 2-р сарын 13-ны өдрийн А/26 тоот Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ОӨГ-ын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисс (“комисс”)-ын ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байна. Тус шинэчилсэн журам болон өмнө нь мөрдөгдөж байсан журмын онцлох ялгаа, журмын шинэ нэмэлт өөрчлөлтүүдийг танилцуулъя.

Хуучин журмаар комиссын дарга, нарийн бичгийн даргыг ОӨГ-ын дарга томилж, маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай шийдвэр гаргах бүр комиссын дарга комиссын бүрэлдэхүүнийг томилдог байсан ба комиссын бүрэлдэхүүний тоог тодорхой заагаагүй байсан. Шинэчилсэн журмын дагуу комисс нь орон тооны бус байх бөгөөд нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй байх юм байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 2-р сарын 13-ны өдрийн А/26 тоот тушаалаар комиссын байнгын бүрэлдэхүүнийг баталж, комиссын дарга, нарийн бичгийн дарга болон 9 гишүүдээс бүрдсэн байна. Комиссын шинэ бүрэлдэхүүнд ОӨГ-ын мэргэжилтэн, байцаагч нараас гадна Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн, хуулийн сургуулийн багш, ОӨГ-ын судлаач зэрэг багтсан нь онцлог байна.

Шинэчилсэн журам нь Патентийн тухай хуулийн 28-р зүйлийн 28.1-д заасан хохирлыг нөхөн төлүүлэх, бүтээл ашигласны төлбөр гаргуулахтай холбоотой маргааны шийдвэрлэхэд үйлчлэхгүй юм байна. Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32-р зүйлийн 32.1.4-т заасан барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг мөн эсэхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай хүсэлтийг хуучин журмаар хянан шийдвэрлэдэггүй байсныг өөрчилж, шинэ журмаар хянан шийдвэрлэх боломжтой болжээ.

Өмнө нь оюуны өмчтэй холобоотой гомдол, хүсэлтийг комисст бичгээр гаргаж, комиссын дарга хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх тухай шийдвэр гаргадаг байсан. Шинэчилсэн журмын дагуу оюуны өмчтэй холбоотой гомдол, хүсэлтийг комиссын даргад бичгээр гаргах бөгөөд комиссын дарга хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор комиссын аль нэг гишүүнд хуваарилж, тус гишүүн нь ажлын 10 хоногийн дотор даргад саналаа танилцуулна. Тус гишүний саналыг үндэслэж комиссын дарга маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх тухай шийдвэр гаргах юм байна.

Өмнө нь маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх шийдвэр гарснаас хойш Патентын тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу 6 сарын дотор хянан шийдвэрлэдэг байсан бол шинэчилсэн журмын дагуу энэхүү хугацаа богиноссон байна. Шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзвэл комиссын дарга уг хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болохоор зохицуулсан байна.

Иргэд болон хуулийн этгээдүүд улсын бүртгэлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

Монгол Улсын Их хурлаас 2018 онд Улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг шинэчлэн баталж, холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эдгээр хуулиуд 2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хамгийн том давуу тал нь иргэд болон хуулийн этгээдүүдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахим болгож хөнгөвчлөх, улмаар бүх төрийн байгууллагуудад мөрдөх шинэ цахим сүлжээг нэвтрүүлж, өмнөх хуулийн давхцал, хийдлийг арилгах юм байна.

УБЕГ-аас төрийн үйлчилгээний салбарынхан цаасан хэрэглээнээс татгалзах, мэдээлэл, технологийн ололттой талыг ажил хэрэгт нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах гэсэн үндсэн зорилтуудын хүрээнд цахим мэдээллийн www.burtgel.mn сайтыг ажиллуулж эхэлсэн байна. Иргэд болон хуулийн этгээдүүдэд үзүүлэх үйлчилгээг хурдан, түргэн шуурхай, цаг хэмнэсэн, ачаалал багасгасан, иргэнээс илүү зүйл шаардахгүйгээр асуудлыг шууд нэг дор шийдэх зорилготой юм. Энэ сайт руу хандсан иргэн улсын бүртгэлийн байгууллагаас авч болох бүх үйлчилгээг хүнтэй харьцалгүйгээр, интернет нэвтэрсэн орчноос хаанаас ч хамаагүй шууд авах бүрэн боломжтой. Одоогийн байдлаар цахим системээс 10 гаруй төрлийн лавлагааг үнэ төлбөргүй, цаг алдалгүй авах боломжтой байна. Цаашлаад удахгүй иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээг цахим системээр дамжуулан авах боломжтой болох юм байна.

Иргэн өөрөө танигдсан тохиолдолд мэдээлэл лавлагааг авч болно гэж шинэ хуульд тусгасан. Танигдах хоёр хэлбэр байгаа юм. Нэг нь гар утас, нөгөөх нь тоон гарын үсэг. Тоон гарын үсгийн тухай хууль 2012 онд батлагдсан. Тоон гарын үсэгийг Үндэсний дата төв, харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, гэрчилгээ олгодог хувь компаниудаас авч болно.

Иргэд тоон гарын үсэгтэй болсноороо интернеттэй газраас хүссэн бүх мэдээллээ, харьяалал харгалзахгүйгээр авах боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн иргэн өөрийнхөө мэдээллээр интернет орчинд танигдаж байна гэсэн үг. Тоон гарын үсэг бол түлхүүр. Энэ бол нууц үг, нууц код л гэсэн үг. Тухайн иргэн цахим системээс өөрт хэрэгтэй, бүртгэлийн мэдээллээ авахын тулд заавал бүртгэгдсэн байх ёстой. Тэр нь энэ тоон гарын үсэг л юм. Гэхдээ иргэд заавал тоон гарын үсэгтэй байх албагүй. Ухаалаг гар утастай хүнд хэрэггүй. Гар утасны чип буюу ялтсан төхөөрөмжөөр дамжуулан бүртгэлийн мэдээллийг авах боломжтой. Тухайн хүн хүсвэл ямар үүрэн телефоны дугаар хэрэглэдгээсээ хамаараад өөрийнхөө мэдээллийг симэндээ суулгуулж болох юм байна.

Харин хуулийн этгээдийн хувьд тоон гарын үсгийг ашиглаад эхэлчихсэн ба цахимаар татварын тайлан өгөх, цахим тендерт оролцох зэрэг үйл ажиллагаанд ашиглаж байгаа юм.

Албан татвар төлөх, тайлагнах хугацаа

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 43-р зүйлд заасны дагуу холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвараа төлөх үүрэгтэй.

Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна. Аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүсийн нийтлэг төлдөг албан татвар төлөх, тайлагнах  хугацааг танилцуулъя.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

Албан татвар төлөгч нь сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2-р сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоог хийнэ.

Хувь хүний орлогын албан татвар

Албан татвар суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлж, суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2-р сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар

Албан татвар суутгагч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг хуульд заасан журмын дагуу суутган авч дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана.

Нийслэл хотын албан татвар

Албан татвар суутгагч нь тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушаана.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар

Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6-р сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6-р сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.

Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 1-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчлэсэн журмын дагуу нийслэлд Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тоонооос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл автомашины улсын дугаар 1, 6 тоогоор төгссөн бол 1-р сард, 2, 7 тоогоор төгссөн бол 2-р сард, 3, 8 тоогоор төгсссөн бол 3-р сард, 4, 9 тоогоор төгссөн бол 4-р сард, 5,0 тоогоор төгссөн бол 5-р сард тус тус албан татвар, төлбөр хураамжаа төлнө.

Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2-р сарын 15-ны дотор тайланг татварын албанд хүргүүлнэ.

Газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага (албан тушаалтан) нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ болон газрын төлбөрийн тухайн шатны тайлангийн нэг хувийг татварын албанд тушаана.

Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1-р сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2-р сарын 15-ны дотор нэг удаа төлнө. Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2-р сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана.

Татвар төлөх, тайлагнах хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр татварыг төлж тайлагнахаар хуульчилсан байна. Энэ жил Цагаан сарын баяр 2-р сарын 5, 6, 7-ны өдрүүдэд таарч, 2-р сарын 8-ны ажлын өдөр (Баасан гараг)-ийг шилжүүлж тус өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбогдуулан 2018 оны жилийн эцсийн татварын тайлан хүлээж авах эцсийн хугацааг ажлын 5 хоногоор сунгаж, 2-р сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авах шийдвэрийг татварын газраас гаргасан байна.

Татварын ерөнхий хуулийн 45-р зүйлд заасны дагуу татвар төлөгч (суутгагч) нь татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаах үүрэг хүлээнэ. Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч нь татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь түүнийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.

Санхүүжилтийн нэг хэлбэр болох факторингийн талаар

Факторинг гэдэг нь бусдын авлагыг худалдан авах буюу факторын үйлчилгээ үзүүлэгч-фактор нь өөрийн харилцагчаас тухайн харилцагчийн хэрэглэгч буюу худалдан авагчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээний харилцагчид төлөгдөх ёстой хүлээгдэж буй мөнгөн төлбөрийн хүрээнд харилцагчаас тухайн авлагыг (хүлээгдэж буй нэхэмжлэлийн шаардлагыг) худалдан авч, харилцагчдаа урьдчилгаа төлбөр хийх санхүүгийн үйлчилгээний нэг төрөл юм.

Факторинг нь нэг ёсондоо харилцагч өөрийн хэрэглэгч буюу худалдан авагчаас авах ёстой авлагыг ашиглан эргэлтэд оруулж, санхүүжилт татах нэг хэлбэр юм. Харилцагч компани нь өөрийн хүлээгдэж буй нэхэмжлэлийн шаардлагыг (авлагыг) факторт худалдсан үнийн дүнгээр санхүүжилт авна гэсэн үг. Факторын харилцагч компанид шилжүүлэх санхүүжилт буюу авлага худалдан авах үнийг тухай авлагын эргэн төлөлтийн хугацаанаас хамаарч тодорхойлдог. Факторын үйлчилгээ үзүүлэгч-фактор нь ихэвчлэн тохиролцсон үнийн 70-с 90 хувийг харилцагч компанид урьдчилан шилжүүлдэг. Авлагыг харилцагч компанийн хэрэглэгч буюу худалдан авагчаас бүрэн нэхэмжилж авсны дараагаар фактор нь өөрийн үйлчилгээний хөлсийг суутган үлдэгдэл хэсгийг харилцагч компанид шилжүүлдэг байна.

Энэ төрлийн санхүүжилтийн хэлбэр нь банкнаас зээл авах зэргээр удаан хугацаагаар хүлээх, олон шат дамжлагаар орох шаардлагагүйгээр богино хугацаанд маш түргэн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг татах боломжийг өгдөг байна. Банкнаас зээл авахын тулд тухайн компани нь үйлдвэр, тоног төхөөрөмж, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг эсвэл бүр компанийн хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгийг хүртэл барьцаалах шаардлагатай байдаг бол факторингийг үйлчилгээг авахад зөвхөн өөрийн хүлээгдэж буй нэхэмжлэлийн авлагыг “барьцаалахад” л хангалттай байдаг.

Факторингийн үйлчилгээ нь компанийн гацаанд орсон хөрөнгийг эргэлтэд оруулахад тусалдаг. Компаниуд өөрийн хүлээгдэж буй нэхэмжлэлийн авлагыг эргэлтэд оруулснаар эргэлтийн хөрөнгөө хэрхэн нэмэгдүүлэх, эргэн төлөлтийн хуваарь зэрэгт санаа зовох шаардлагагүй болдог байна. Түүнчлэн хэрэглэгч буюу худалдан авагчдаасаа авлагаа шаардах, цуглуулахад цаг заваа зарцуулах шаардлагагүйгээр харин бизнесээ хэрхэн хөгжүүлэх, сайжруулахад анхаарлаа төвлөрүүлэх боломж бүрддэг байна.

Факторингийн үйлчилгээ нь бусад улс оронд өргөнөөр хэрэглэгддэг боловч Монголд хараахан тийм ч их дэлгэрээгүй санхүүгийн үйлчилгээ юм. Хэдийгээр Монголд факторингийн үйлчилгээний хуулийн зохицуулалт нь холбогдох хууль тогтоомжид хуульчлагдсан байдаг боловч энэ төрлийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ тун бага болоод факторингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ч мөн цөөн байдаг. Гэхдээ олон улсын бизнес, худалдаа наймаа хурдацтай хөгжиж байгаа өнөө үед санхүүгийн байгууллагуудын хувьд факторингийн үйлчилгээг үзүүлэх нь бизнесийн шинэ боломж гэж бодож байна.

Ажилгүйдлийн тэтгэмж хэрхэн авах вэ

Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх                      

Хэрвээ ажилтан ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 12 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрхтэй. 

Тэтгэмжийн хэмжээ 

Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн  шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн З сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр тооцож олгоно:

Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/ Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/
5 хүртэл жил 5-10 хүртэл жил 10-15 хүртэл жил 15, түүнээс дээш 45 60 70

Ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.

Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Хөдөлмөр эрхлэлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сугалтад хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно. Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.

Aжилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг

Даатгуулагч мэргэжлийн сургалтад хамрагдах, ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

1/ өргөдөл;

2/ нийгмийн даатгалын дэвтэр;

3/ ажлаас халсан тухай шийдвэр

Ажилгүйдлийн даатгалын хөнгөлөлт

Ажил олгогч болон даатгуулагч 5 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй бол дараагийн жилд төлөх даатгалын шимтгэлийг 1О хувиар хөнгөлнө Заасан болзлыг үргэлжлүүлэн хангасан тохиолдол бүрт хөнгөлөлт 10 хувиар нэмэгдэх боловч түүний дээд хэмжээ нь жилд төлөх шимтгэлийн 5О хувиас хэтэрч болохгүй.

Банкны баталгаа – худалдааны санхүүжилтын хэрэгсэл

Бид өмнөх нийтлэлдээ олон улсын худалдаанд нийтлэг хэрэглэгддэг худалдааны санхүүжилтын хэрэгслүүдийн нэг болох аккредитивын тухай бичсэн. Харин энэхүү нийтлэлдээ худалдааны санхүүжилтын бас нэгэн хэрэгсэл болох банкны баталгааны тухай бичих болно.

Банкны баталгаа гэдэг нь санхүүгийн байгууллагаас, ихэвчлэн банкнаас, олгодог баталгааг хэлдэг. Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгэгчийн (худалдан авагчийн) өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хэрвээ үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд банк түүний өмнөөс төлбөрийг төлнө гэсэн үг юм.

Банкны баталгаа болон аккредитив хоёр нь хоорондоо их төстэй боловч хоёр өөр санхүүжилтын хэрэгсэл юм. Аккредитивын гэрээний дагуу хоёр тал гэрээний дагуу үүргээ харилцан биелүүлэх баталгаа болж өгдөг бол банкны баталгааны гэрээний дагуу хэрвээ үүрэг гүйцэтгэгч тал гэрээний дагуу үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд банк үүрэг гүйцэтгүүлэгчийг хохиролгүй болгодог байна. Аккредитивын гэрээг ихэвчлэн олон улсын худалдаанд хэрэглэдэг бол банкны баталгааны гэрээг голдуу үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ, хэлэлцээр болон дэд бүтцийн төслүүдэд хэрэглэдэг.

Банкны баталгааны гэрээгээр банкны хүлээх үүрэг, эрсдэл нь аккредитивын гэрээгээр хүлээх үүрэг, эрсдлээс илүү байдаг. Банкны баталгааны гэрээгээр аккредитивын адил үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөр төлөгдөх баталгаа өгдөг. Гэхдээ аккредитиваас ялгаатай нь зөвхөн үүрэг гүйцэтгэгч үүргээ гэрээний дагуу биелүүлж чадахгүй тохиолдолд төлбөрийг түүний өмнөөс гүйцэтгэдэг. Энэ нь гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талд хохирол учруулах эрсдлээс сэргийлж өгдөг байна.

Банкны баталагаа нь шууд ба шууд бус гэх мэт төрлүүдтэй байдаг. Банкууд гадаадын болон дотоодын компаниудад ихэвчлэн шууд банкны баталгаа гаргаж өгдөг. Шууд банкны баталгаа гэдэг нь банкны баталгааг үүрэг гүйцэтгүүлэгчид банк шууд гаргаж өгөхийг хэлдэг байна. Шууд банкны баталгааны гэрээний дагуу баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэдэг. Банкны баталгааг хүмүүс ихэвчлэн олон улсын худалдаа, гүйлгээнд хэрэглэдэг. Учир нь банкны батлагааг бусад (гадаад) улсын хууль тогтоомжид нийцүүлэхэд илүү уян хатан, гүйцэтгэхэд илүү хялбар байдаг байна. Шууд бус банкны баталгааг ихэвчлэн үүрэг гүйцэтгүүлэгчээр аль нэг улсын төрийн байгууллага эсвэл агентлаг оролцож байгаа экспортын гүйлгээнд хэрэглэдэг байна.

Банк нь баталгаа гаргахдаа тодорхой хэмжээний эрсдэл, үүрэг хүлээдэг учраас баталгаа гаргуулах хүсэлт гаргасан этгээдийг маш нарийн шалгаж, судалдаг. Үүрэг гүйцэтгэгч нь төлбөрийг эргэн төлөх чадвартай болохыг тогтоосны дараа баталгаа гаргагч банк нь гэрээгээр хүлээх өөрийн хариуцлагын хэмжээ, хязгаарыг тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл баталгаа гаргагч банкны хүлээх хариуцлага гэрээнд заасан хэмжээгээр хязгаарлагдана. Ийнхүү хүлээх эрсдлийн хягзаарыг тогтоосноор банкны эрх, ашиг хамгаалагддаг. Ингэснээр банк төлбөрийн чадвартай харилцагчид банкны баталгаа гаргаж өгдөг байна.

ШИНЭ БҮТЭЭЛИЙН МЭДҮҮЛГЭЭ ЦАХИМААР МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйл ажиллагааг цахимд системд шилжүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, хүртээмжтэй, цаасгүй хүргэх зорилго тавьсан. Мөн түүнчлэн, Патентийн тухай хуулийн 8 дугаар зүйлд шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлгийг цахимаар мэдүүлж болохоор зохицуулсан.

Дэлхийн оюуны өмчийн өдөр буюу 2018 оны 4 сарын 26-ны өдөр oюуны өмчийн мэдээллийн санг ашиглах боломжийг сайжруулах, цахимаар мэдүүлэг гаргах үйл ажиллагааг хөнгөвчилсөн IPOM publish (цахим мэдээллийн сан), E-filing (онлайн мэдүүлгийн систем)-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Эдгээр систем ашиглалтад орсноор шинэ бүтээлийн мэдүүлгээ цахимаар мэдүүлж, патент болон барааны тэмдгийн талаарх мэдээллийг цахимаар авах боломжтой болж байгаа юм.

Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед мэдүүлгийг цахимаар гаргаж, судалгаа шинжилгээний ажилд патентийн мэдээллийг цахимаар олж авах нь цаг, цаас хэмнэх чухал түлхэц болох юм. Эрдэмтэн судлаачид, зохион бүтээгч, үйлдвэрлэгч нар судалгаа шинжилгээний ажилдаа ижил төсөөтэй шийдлүүдийг олж үзэх нь тэдний санааг илүү боловсронгуй, өрсөлдөхүйц болгон хөгжүүлэхээс гадна ирээдүйд учирч болох эрсдлээс хамгаална.

Alternative Dispute Resolution: Mongolian Approach to Mediation

Mediation a method of alternative dispute resolution parties to any agreement should consider, aside from arbitration. Mediation is essentially a negotiation facilitated by a neutral third party. Unlike arbitration, which takes a form more similar to trial, mediation doesn’t involve decision making by the neutral third party, but seeks to find a mutually acceptable resolution or compromise between the parties. Mediation procedures can be initiated by the parties or may be compelled by legislation, the courts, or contractual terms. When parties are unwilling or unable to resolve a dispute, one good option is to turn to mediation. Mediation is generally a short-term, structured, task-oriented, and “hands-on” process.

In Mongolia the institution of mediation was established by adoption of the Law on Mediation in 2012. Pursuant to Law, mediation may be used in civil legal disputes, individual labor disputes and disputes arising from family relationships, and in some other disputes only if specified by law.

In mediation, the disputing parties work with a neutral third party, the mediator, to resolve their disputes. The mediator facilitates the resolution of the parties’ disputes by supervising the exchange of information and the bargaining process. The mediator helps the parties find common ground and deal with unrealistic expectations. The mediator may also offer creative solutions and assist in drafting a final settlement. The role of the mediator is to interpret concerns, relay information between the parties, frame issues, and define the problems. Unlike the litigation process or arbitration, where a neutral third party (judge or arbitrator) imposes a decision over the matter, the parties and their mediator ordinarily control the mediation process – deciding when and where the mediation takes place, who will be present, how the mediation will be paid for, and how the mediator will interact with the parties.

A mediator is a specialized person, who is certified and registered in the list of mediators. Anyone with higher education may attend training courses for mediators and become a certified and registered mediator. However, currently most certified and registered mediators are usually lawyers or persons with certain legal or economic background. Law on Mediation provides presence of mediation centers at courts of first instance. Law also permits government authorities, NGOs and professional associations to have medication centers in accordance with their direction of professional activity, provided that certified and registered mediators are employed.