Tag Archives: Аж ахуйн нэгж

Ажилтны цалин хөлс

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтны цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ. 

Ажил олгогч ажилтны мэдлэг, ур чадвар, ажлын туршлага, мэргэшлийн түвшин, хөдөлмөрийн нөхцөл, үүрэг хариуцлага, ажлын гүйцэтгэлийг харгалзан нэмэгдүүлэн олгож байгаа хөлсийг нэмэгдэл гэнэ. Мөн нэмэгдэлд хууль тогтоомж, хамтын гэрээ эсвэл хөдөлмөрийн дотоод журмаар тогтоон олгож байгаа ижил төстэй нэмэгдлүүд орж болно.

Нэмэгдэл хөлс гэдэгт илүү цагийн цалин, тухайн хүний ажлын үүрэг, ажлын байрнаас гадуур ажил гүйцэтгэх (нэг зэрэг эсвэл одоогийн ажилтай хослуулан), өөр ажилтныг орлуулах хөлс, хууль, хамтын гэрээ эсвэл дотоод журамд (ажлын дүрэм) заасан ижил төстэй бусад нэмэлт цалин орно. Гэрээт ажилчдын тухайд ажлын үр дүнгийн үндсэн дээр нэмэгдэл хөлс авч болно.

Ажил олгогчооос тухайн ажилтны ажлын үр дүн буюу компанид оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлэн олгож буй урамшуулал, тодорхой онцгой ажлыг хийж гүйцэтгэхэд олгох нэг удаагийн мөнгөн урамшуулал, хууль, гэрээ хэлэлцээр эсвэл дотоод журамд заасан бусад мөнгөн урамшуулал зэргийг шагнал урамшуулал гэнэ. Цалин хөлсөд дараах зүйлийг багтаадаггүй. Үүнд:

      - жирэмсний болон амаржсаны чөлөө авах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүйдлийн болон өндөр насны тэтгэвэрт гарах үеийн г.м бүх төрлийн хууль тогтоомжид заасан тэтгэмжүүд;

      - нөхөн олговор; мөн

      - тээврийн хэрэгсэл, шатахуун, байр, хоолны хөнгөлөлт зэрэг орлого орно.

Дээрх цалингийн бүтэц нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гадаадын ажилтанд мөн хамаарна.

Хөдөлмөрийн гэрээ байгуулахад юуг анхаарах вэ? (гуравдугаар хэсэг)

Төгсгөлд нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцлүүдийн талаар товч дурдая.

Ямар тохиолдолд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулах вэ? Энэ төрлийн гэрээний зохицуулалтын онцлог юу вэ?

Ажил олгогч нь аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Энэхүү гэрээнд хуульд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлөөс гадна ажлын эцсийн үр дүн, ажилтны хүлээх үүрэг хариуцлага, гэрээг дүгнэх журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон ашгаас олгох хувь хэмжээг тусгаж болно. Түүнчлэн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд ажилтны мэдэлд олгож байгаа хөрөнгийн хэмжээ, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, эд хөрөнгийн хариуцлагыг тусгаж болно. Мөн хуульд заасан ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлээс гадна нэмэлт дөрвөн үндэслэлийг хуульчилсан байна.

Хөдөлмөрийн тухай хуульд үл өрсөлдөх үүрэг, ажилтны нууц хадгалах үүрэг, ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг болон ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай нэмэлт нөхцлүүдийг зохицуулсан байна.

Үл өрсөлдөх үүрэг. Ажил олгогч нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно. Тус нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээний үйлчлэх хугацаа нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш нэг жилээс илүүгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээ үйлчлэх хугацаанд ажил олгогч ажилтанд хамгийн сүүлийн сарын цалин хөлснийх нь 50-аас доошгүй хувийн олговрыг сар бүр олгоно. Үл өрсөлдөх үүрэг нь ажилтан гадаадад ажиллахад хамаарахгүй.

Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг. Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно. Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна. Гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө.

Аж ахуйн нэгж, байгууллагын нууц хадгалах, нууцтай харьцах журмыг ажил олгогч баталсан байвал зохимжтой бөгөөд эд хөрөнгийн бүрэн хариуцлага бүхий ажлын байрны жагсаалтыг баталсан байна.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТУХАЙ

Бид өмнө нь Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бүрэн эрх, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга зэрэг компанийн удирдлагатай холбоотой тухай хэд хэдэн блог нийтэлсэн.

Энэ удаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зохион байгуулах ажиллагааны талаар танилцуулъя. Энэ нь Монгол улсад компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарын сонирхолыг татна гэж бодож байна.

Бидний мэдэж байгаачлан хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит болон ээлжит бусаар хуралдуулж болдог.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн (4) сарын дотор зарлан хуралдуулдаг байна. Хязгаарлагдал хариуцлагатай компани нь Төлөөлөн удирдах зөвлөлгүй бол энэхүү үүргийг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлдэг. Хэрвээ Төлөөлөн удирдах зөвлөл нь дээр дурдсан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй бол түүний бүрэн эрх дуусгавар болдог зохицуулалттай. Энэ нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болсоноос хойш байгуулсан гэрээ хэлцэл  хүчин төгөлдөр бусад байна.

Харин Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Төлөөлөн удирдах зөвлөл дараах нөхцөлд зарлан хуралдуулдаг байна:

  • төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүний 50-аас дээш хувь нь ажиллах боломжгүй буюу ажиллахгүй болсон;
  • төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш  хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан;
  • компанийн алдагдал тухайн тайлант үеийн эцэст өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрсэн;
  • компанийн өр нь хоёр жил дараалан өөрийн хөрөнгөөс илүү болж, хасах утгатай болсон;       
  • төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргасан;                       
  • аудитын хорооноос хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийхийг шаардсан;
  • компанийн дүрэмд заасан бусад тохиолдол.

Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигч нарын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах  тухай санал шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана.

Хэрэв Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан шийдвэр гаргавал санал шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч нар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын эсрэг шүүхэд гомдол гаргаж болдог байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ-ын хурлын хоорондын хууль зүйн ялгааны талаар:

Монгол улсын Компанийн тухай хууль компаниудад өөрийн Компанийн дүрэмд ТУЗ-ыг хэрхэн зохион байгуулж, удирдах зэрэгтэй холбоотой зохицуулалтыг хийх эрхийг олгосон бөгөөд Компанийн дүрэмд ТУЗ-ын дарга нь ТУЗ-ын үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэхээр заажээ.

Түүнчлэн, Компанийн тухай хуульд ТУЗ-ын хурлыг хэрхэн хуралдуулах тухай нарийн зохицуулалтыг тусгаагүй буюу өөрөөр хэлбэл ийм төрлийн хурлыг ямар харилцаа холбооны хэрэгслийг / телеконференц, онлайн конференц г.м./ ашиглан хуралдуулж болох  тухай нарийвчлан тусгаагүй юм.  Энэхүү “нээлттэй” зохицуулалтыг хилийн чанадад ажиллаж, амьдардаг боловч Монгол улсад компанийн үйл ажиллагаа эрхэлдэг гадны хөрөнгө оруулагч эсхүл бизнес эрхлэгчид сайшааж магадгүй.

Үүнээс гадна, ТУЗ-ын хурал болоод хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хэлэлцэх асуудлуудын хооронд ч гэсэн маш их ялгаа бий. Компанийн тухай хуулийн 76-р зүйлд ТУЗ-ын бүрэн эрхэд хамаарах асуудлыг жагсаасан бөгөөд үүнд тухайлбал:

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
  • Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох;
  • Аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох;
  • Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж, түүнийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж батлуулах зэрэг бүрэн эрхийн асуудлууд багтана.

Дээрх бүрэн эрхийн асуудлуудыг ТУЗ-ын хурлаар хэлэлцэх ба тус хурлаар гаргасан шийдвэр, дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдийн хурал хэлэлцэх юм.  Товчхондоо, хувьцаа эзэмшигчдийн хурал нь ТУЗ-ын хурлаар гаргасан шийдвэрийг батлана гэсэн үг. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн хуралд дараах бүрэн эрх багтах ба дан ганц үүгээр үл хязгаарлагдана:

  • Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал г.м.

Иймд компаниуд хууль зүйн аливаа сөрөг үр дагавар гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд

тус хоёр хуралтай холбоотой хуулийн зохицуулалтын ялгааг сайтар мэдэж байх шаардлагатай болно.