Хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ-ын хурлын хоорондын хууль зүйн ялгааны талаар:

Монгол улсын Компанийн тухай хууль компаниудад өөрийн Компанийн дүрэмд ТУЗ-ыг хэрхэн зохион байгуулж, удирдах зэрэгтэй холбоотой зохицуулалтыг хийх эрхийг олгосон бөгөөд Компанийн дүрэмд ТУЗ-ын дарга нь ТУЗ-ын үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэхээр заажээ.

Түүнчлэн, Компанийн тухай хуульд ТУЗ-ын хурлыг хэрхэн хуралдуулах тухай нарийн зохицуулалтыг тусгаагүй буюу өөрөөр хэлбэл ийм төрлийн хурлыг ямар харилцаа холбооны хэрэгслийг / телеконференц, онлайн конференц г.м./ ашиглан хуралдуулж болох  тухай нарийвчлан тусгаагүй юм.  Энэхүү “нээлттэй” зохицуулалтыг хилийн чанадад ажиллаж, амьдардаг боловч Монгол улсад компанийн үйл ажиллагаа эрхэлдэг гадны хөрөнгө оруулагч эсхүл бизнес эрхлэгчид сайшааж магадгүй.

Үүнээс гадна, ТУЗ-ын хурал болоод хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хэлэлцэх асуудлуудын хооронд ч гэсэн маш их ялгаа бий. Компанийн тухай хуулийн 76-р зүйлд ТУЗ-ын бүрэн эрхэд хамаарах асуудлыг жагсаасан бөгөөд үүнд тухайлбал:

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
  • Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох;
  • Аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох;
  • Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж, түүнийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж батлуулах зэрэг бүрэн эрхийн асуудлууд багтана.

Дээрх бүрэн эрхийн асуудлуудыг ТУЗ-ын хурлаар хэлэлцэх ба тус хурлаар гаргасан шийдвэр, дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдийн хурал хэлэлцэх юм.  Товчхондоо, хувьцаа эзэмшигчдийн хурал нь ТУЗ-ын хурлаар гаргасан шийдвэрийг батлана гэсэн үг. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн хуралд дараах бүрэн эрх багтах ба дан ганц үүгээр үл хязгаарлагдана:

  • Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал г.м.

Иймд компаниуд хууль зүйн аливаа сөрөг үр дагавар гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд

тус хоёр хуралтай холбоотой хуулийн зохицуулалтын ялгааг сайтар мэдэж байх шаардлагатай болно.