Tag Archives: гэр бүл

Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчилж авах тухай

Сүүлийн үед манай хуульчдад монгол хүүхэд үрчилж авахыг хүсэж буй гадаадын иргэдээс хуулийн зөвлөгөө өгөх хүсэлтүүд ирлээ. Монгол хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх үйл явц нэлээд нарийн бөгөөд олон шат дараалалтай байдаг.

Эхлээд гадаадын иргэн монгол хүүхдийг үрчлэх тухай хүсэлтээ өөрийн орны хүүхэд үрчлэх хүсэлт хүлээж авах эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын зохих байгууллагад гаргана. Гадаад улсаас ирүүлсэн хүүхэд үрчлүүлэх хүсэлтийг Монгол Улсын хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шууд хүргүүлнэ.

Хүүхэд үрчилж авах иргэн дараах шаардлагыг хангасан байна:

  • Монгол Улсын харьяат хүүхэд нь 5-аас доошгүй жил хамт амьдарч байгаа гадаад гэр бүл эсвэл ганц бие гадаадын иргэн эмэгтэйд үрчлүүлнэ.
  • Үрчилж авах иргэн 60-аас доош настай
  • Эцэг, эх байх эрх нь хязгаарлагдаагүй
  • Иргэний бүрэн чадамжтай
  • Сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчин, архи, мансууруулах бодисын хамааралгүй
  • Урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй

Өргөдөл гаргагч нь хуульд заасны дагуу өөрийн мэдээллийг шаардлагатай баримт бичгүүдийн хамт ирүүлэх ёстой. Өөрийн тухай мэдээлэл нь тухайн хүний хувийн зан чанар, хүүхэд үрчлэхэд тохирох байдал, боловсролын байдал, гэр бүлийн байдал, эрүүл мэндийн мэдээлэл, өрхийн орлого, нийгмийн байр суурийн талаарх мэдээллийг агуулсан байх ёстой. Түүнчлэн Монгол хүүхэд үрчлэх болсон шалтгааныг тодорхойлсон байхыг шаардана.

 Монгол Улсын хүн амын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүүхэд үрчлэх өргөдлийг хянан үзэж, зөвшөөрсний дараа үрчлүүлэх магадлалтай хүүхдийг сонгож, өргөдөл гаргагчид хүүхдийн талаарх мэдээллийг өгнө. Хэрэв эцэг, эх болохыг хүсэж буй өргөдөл гаргагчид тухайн хүүхдийг үрчилж авахаар шийдсэн бол Монгол Улсын Цагаачлалын Алба нь өргөдөл болон холбогдох бусад баримт бичгүүдийг хянан үзэж, хүүхэд үрчлүүлэх тухай шийдвэрийг гаргана.

Хүүхэд үрчлэх процессын үеэр манай хуулийн фирм нь үрчлэгчийг төлөөлж албан тушаалтантай холбогдох, тэднээс ирүүлсэн асуултад хариулах, үрчлэгчид хуулийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.