Tag Archives: дампуурал

ХЭРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ДАМПУУРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ НЬ

Нэхэмжлэгч нарын анхны хурлаас санал болгосон этгээдийг шүүх 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгчээр томилох эсэхийг шийдвэрлэдэг.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн үйл ажиллагаанд хувийн санхүү, эдийн засгийн сонирхолгүй, хууль, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой хувь хүн, эсхүл хууль зүй, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэжлийн зөвлөлгөө, үйлчилгээ үзүүлэх эрх, үүрэг бүхий хуулийн этгээд  байна.  Харин дампуурлын хэрэг дэх хариуцагч, нэхэмжлэгч этгээд, түүний удирдлага, гишүүн, эсвэл тэдний гэр бүлийн хамаарал бүхий этгээд хэрэг гүйцэтгэгчээр томилогдохыг хориглодог.

Хэрэг гүйцэтгэгч нь дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараахь эрх, үүрэгтэй оролцдог байна. Үүнд:                 

  • шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх;
  • хариуцагчийн эд хөрөнгө, холбогдох баримт бичгийг хамгаалалтанд авч, тооллого явуулах;
  • шаардлагатай тохиолдолд хариуцагчийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулах;
  • нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах;
  • дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө байгуулсан гэрээ, хэлцлийг хянаж, хуульд заасан үндэслэлээр гэрээ, хэлцлийг хүчингүйд тооцуулах, өөрчлүүлэх, цуцлуулах эсэх асуудлыг нэхэмжлэгчдийн хуралд оруулах;
  • тусгай данс нээж хариуцагчийн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх;
  • хариуцагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд бусадтай гэрээ, хэлцэл байгуулах;
  • шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулан авах;
  • хариуцагчийн талаар гаргасан өөрийн дүгнэлтийг холбогдох этгээдүүдэд танилцуулах;
  • хариуцагчийн эд хөрөнгийг үнэлэх;
  • нэхэмжлэгчдийн тогтоосон цалин хөлсний хэмжээнд багтаан өөрт туслагчийг  хөлсөөр ажиллуулах;
  • хуульд заасан журмын дагуу хариуцагчийн эд хөрөнгийг худалдах; болон
  • хуульд заасан бусад эрх, үүрэг.

Хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, түүний дүгнэлт, төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, онцлог, удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлт, нэхэмжлэгчдийн хэсэг болон нэхэмжлэл тус бүрийн дүн, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаархи санал, шаардлагатай гэж үзсэн бусад мэдээ, баримтыг тусгасан хариуцагчийн үйл ажиллагааны талаарх дүгнэлтийг шүүхээр батлагдсанаасаа хойш 2О хоногийн дотор гаргаж, шүүх, хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулна.

Хэрэг гүйцэтгэгч нь дээрх эрх, үүргээс гадна хариуцагчийн дахин хөрөнгөжүүлэх, мөнгөн хөрөнгийг хуваарилах, татан буулгах үйл ажиллагаанд нөлөө бүхий эрх үүрэгтэй оролцдог байна.

Хэрэг гүйцэтгэгч нь хуурч мэхлэх, хайхрамжгүй хандах зэрэг хууль бус үйл ажиллагааны улмаас хариуцагчид ямар нэгэн хохирол учруулбал уг хохирлыг биечлэн хариуцахаар хуульчилсан бөгөөд дампуурлын хэргийн оролцогчид хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол гаргах, шүүх хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх эрхтэй байна.