Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг өнгөрсөн оны 12-р сарын 17-нд баталсан. Харин ирэх 5-р сарын 1-нээс дагаж мөрдөнө. Тус хууль нь одоо мөрдөгдөж байгаа Хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга бөгөөд одоо мөрдөгдөж байгаа хууль 5-р сарын 1-нээс хүчингүй болох юм.
Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд батлагдсан. Хууль хэрэгжээд 20 гаруй жил өнгөрөхөд нийгмийн харилцаа өөрчлөгдөн хувьссаар байна. Одоо мөрдөгдөж байгаа хуультай харьцуулахад хуулийн шинэчилсэн найруулгад тухайн хүнийг тодорхойлох мэдээллийн агуулга илүү өргөн болсон бөгөөд нууцын хууль гэхээсээ илүү хүний хувийн мэдээллийг хамгаалах зохицуулалттай байна. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хүнийг тодорхойлох мэдээлэлд хүний хувийн мэдээлэл (нэр, төрсөн огноо, төрсөн газар, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл гэх мэт хүнийг тодорхойлох мэдээлэл) болон хүний эмзэг мэдээлэл (үндэс, угсаа, шашин шүтлэг, эрүүл мэнд, захидал харилцаа, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа зэрэг мэдээлэл), түүнчлэн генетик болон биометрик мэдээллийг хамааруулсан байна.
Хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн шинэ зохицуулалт бий болсон. Тухайлбал, мэдээлэл хариуцагч хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс бичгээр зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна. Одоо мөрдөгдөж байга хуулийн дагуу хувь хүн мэдээллээ өөрөө хамгаалдаг концепци нь өөрчлөгдөж хувь хүн өөрийн мэдээллийг хадгалж хамгаалахаас гадна хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч нь мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах үүрэгтэй байхаар тогтоосон байна. Түүнчлэн харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ялгамжтай болгож, хүлээлгэх хариуцлагыг чангатгасан байна.
Мөн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлагыг тогтоож, эдгээр төхөөрөмжөөр хийсэн бичлэгийг ашиглах зохицуулалтуудыг тусгасан байна.