Tag Archives: Корпораци

Зөвшөөрлийн хугацаа сунгах

Зөвшөөрлийн хугацааг сунгахдаа 30 хоногийн өмнө эрх бүхий этгээдэд сунгуулах хүсэлт гаргана. Шинээр орсон сонирхолтой зохицуулалт бол зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж улмаар татварын өр төлбөргүй, байнгын тогтвортой ажлын байр бий болгосон бол зөвшөөрлийн анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгана. Өөрөөр хэлбэл зөвшөөрлийг 3 жилээр олгосон бол сунгахдаа 6 жилээр сунгах боломжтой гэсэн үг. Одоогийн зохицуулалт ихэвчлэн анх олгосон хугацаагаар буюу 3 жилээр олгосон бол 3 жилээр сунгадаг байсан.

Өөр нэг сонирхолтой зохицуулалт нь хугацаа сунгуулахаар өгсөн өргөдөл болон бүрдүүлсэн материалыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хянан шийдвэрлэх (сунгана эсвэл татгалзах) бөгөөд хэрэв энэ хугацаанд хариу өгөөгүй бол зөвшөөрөл сунгагдсанд тооцно.

Хариу өгөөгүй бол зөвшөөрөл сунгагдсанд тооцно гэдэг зохицуулалт бол иргэд, хуулийн этгээдэд маш ач холбогдолтой ашигтай зохицуулалт болсон байна.Практикт эрх бүхий байгууллага хугацаандаа шийдвэр гаргахгүй удааширсны улмаас тусгай зөвшөөрөл хүчингүй болох тохиолдол маш их байсан. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах, цаг хугацаа алдах гэх мэтээр, иргэд хуулийн этгээдэд асар их хүндрэл, төвөг уддаг байсан.Төрийн албан хаагчийн эс үйлдэхгүйгээс болж иргэд, хуулийн этгээд хохирдог байдал цөөрнө гэсэн үг.

Шинээр орсон өөр нэг шинэлэг зохицуулалт нь Зөвшөөрлийн цахим нэгдсэн сантай байхаар хуулийн төсөлд тусгасан. Зөвшөөрлийн цахим нэгдсэн санг Ерөнхий сайдын дэргэдэх Зөвлөлийн ажлын алба эрхэлнэ. Зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон, дуусгавар болсон, зөвшөөрлийг барьцаалсан, шилжүүлсэн шийдвэр мэдээллийг зөвшөөрлийн цахим нэгдсэн санд бүргүүлэхээр зохицуулсан байна.

Зөвшөөрлийн тухай хууль

УИХ-ын нэгдсэн чуулганаар шинээр өргөн барьсан Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцээд батлах шатандаа явж байна. Зөвшөөрлийн тухай хууль батлагдах болсон гол шалтгаан нь төрийн эрх бүхий байгууллагаас олгодог зөвшөөрлийн тоог бууруулж, иргэд хуулийн этгээдэд бизнес эрхлэх боломжийг олгох явдал юм.

Одоо мөрдөгдөж байгаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны төрлийг зааж өгсөн. Үйл ажиллагааны чиглэлээр олгох тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага олгохоор хуулиар эрх олгосон. Гэтэл төрийн байгууллагууд өөрсдийн эрх хэмжээний хүрээнд сайд, агентлагийн даргын тушаал болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор шинээр тусгай зөвшөөрөл бий болгож, нэмэгдүүлсээр байгаад одоо өөрсдийн эрх хэмжээний хүрээнд олгож байгаа тусгай зөвшөөрөл нь 1,600 болсон байна. Уг нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар 200 орчим зөвшөөрөл олгохоор зохицуулсан байдаг. Одоогийн байдлаар практикт 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулахад 8 төрлийн зөвшөөрөл авч байгаа бол Зөвшөөрлийн тухай хууль батлагдсанаар 2 төрлийн зөвшөөрөл буюу архи болон тамхины зөвшөөрөл авч ажилуулдаг болох юм байна. Зөвшөөрлийн хуулиар 356 зөвшөөрөл олгогдохоор зохицуулсан байна.

Шинээр батлагдах Зөвшөөрлийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгох зорилгоор зөвхөн хуулиар зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой зохицуулалтыг зохицуулсан.

Зөвшөөрлийн тухай хуулиар зөвшөөрлийг олгох зорилго нөхцөл, үйл ажиллагааны эрсдэлийн түвшнээс хамааруулан i) тусгай зөвшөөрөл, ii) энгийн зөвшөөрөл гэж ангилсан байна.

Шинэ хуулиар зөвшөөрлийн хугацааны хувьд тусгай зөвшөөрлийг 5 жил, энгийн зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно. Зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгана. Зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгож болгохоор зохицуулсан байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 3 жилийн хугацаатай олгож, мөн 3 жилээр сунгадаг.

Тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэр гаргах юм байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 21 хоногийн дотор шийдвэрлэж байгаа.

Энэ удаагийн блогоор Зөвшөөрлийн тухай хуулийг батлах болсон шалтгаан болон ерөнхий мэдээлэл орууллаа. Дараагийн блогоор шинээр орсон онцлог зохицуулалт болон түүний ач холбогдол, үр дагаврын талаар бичих болно.

Хөдөлмөрийн гэрээ байгуулахад юуг анхаарах вэ? (хоёрдугаар хэсэг)

Ажил олгогч болон ажилтан нар хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа юуг анхаарах хэрэгтэй талаар үргэжлүүлэн танилцуулъя.

Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлын бүтэн бус цагийн ажилтан гэж ажлын бүтэн цагаар ажиллаж байгаа ажилтнаас бага цагаар ажиллаж байгаа ажилтныг ойлгоно. Харин ажлын бүтэн цагийн ажилтны ажлын цагийг хууль тогтоомжид заасны дагуу богиносгосныг бүтэн бус цагаар ажилласанд тооцохгүй байхаар хуульчилсан байна. Ажил олгогч түр ажил үүргийг гүйцэтгүүлэхээр ажилтныг цагаар ажиллуулж, гүйцэтгэсэн ажил, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгоно.

Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ

Ажилтан ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр газарт, гэрээсээ, эсхүл өөрийн сонгосон байршилд ажил олгогчийн, эсхүл өөрийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил олгогчийн удирдлага, хяналтын доор ажиллахаар ажил олгогчтой тохиролцон гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтны ашиглах тоног төхөөрөмж, бусад хэрэгслийн аюулгүй байдлыг ажил олгогч шалгаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэгтэй байна.

Хуульд зааснаар гэрээсээ ажиллах ажилтанд хуулийн 6-р бүлэг буюу ажил, амралтын цагийн зохицуулалт үйлчлэхгүй юм.

Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ

Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

Зайнаас ажиллах ажилтны гэрээнд хуульд заасан хөдлмөрийн гэрээний гол нөхцөлөөс гадна ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг талууд тусгайлан тохиролцож тусгана.

Цагийн ажилтан, гэрээсээ болон зайнаас ажиллах ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн бүтэн цагаар ажиллах үндсэн ажилтантай, эсвэл ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа бусад ажилтантай нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ.

Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дурдсан төрлүүдээс алийг нь сонгохоос үл хамааран хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ болон хөдөлмөрийн нөхцлийг заавал тусгасан байх шаардлагатай юм.

Хөдөлмөрийн гэрээ байгуулахад юуг анхаарах вэ? (нэгдүгээр хэсэг)

Энэ нийтлэлдээ ажил олгогч болон ажилтан нар хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа юуг анхаарах хэрэгтэйг танилцуулъя.

Хөдөлмөрийн тухай хуульд ердийн хөдөлмөрийн гэрээ (буюу ажил олгогч нь хуулийн этгээд байх)-г иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээнээс ялгаж зохицуулсан. Иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээний талаар өмнөх нийтлэлд дурдсан болно.

Ажил олгогч нь байнгын ажлын байранд бүтэн цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнээс гадна өөр долоон төрлийн хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор хуульд заасан байна.

Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ

Ажил олгогч нь ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Ердийн дагалднаар ажиллах гэрээний хугацаа гурван сар хүртэл байх ба харилцан тохиролцсоноор гэрээг нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. Харин нарийн мэргэжлээр дагалднаар ажиллах гэрээний хугацаа мэргэжлийн онцлог, эзэмших мэргэжлийн дадлага, ур чадвараас шалтгаалан хоёр хүртэл жил байх ба талууд тохиролцсоноор гэрээг нэг удаа нэг жилээс илүүгүй хугацаагаар сунгаж болно. Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтоох бөгөөд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй байхаар зохицуулсан байна.

Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээ

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, онолын мэдлэгийг практик дадлагатай хослуулах, ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор ажил олгогч, дагалдан суралцах ажилтан, сургалтын байгууллага хамтран дагалдан суралцах гуравласан хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээний хугацаа суралцах мэргэжлээс шалтгаалан гурав хүртэл жил байна. Дагалднаар суралцах ажилтанд олгох үндсэн цалинг суралцах, ажиллах цагийн харьцаа, хийх ажлын чанар, хэмжээ, сургалтын байгууллагаас авч байгаа мөнгөн тэтгэлэг зэргийг харгалзан талууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байхаар харилцан тохирно.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад дагалдан ажилтан эсвэл дагалднаар суралцах ажилтантай тусгайлан тохирсноос бусад тохиолдолд ажил олгогч нь эдгээр ажилтныг байнгын ажилд авах үүрэг хүлээхгүй байна. Хуульд заасны дагуу дагалдан ажилтан болон дагалднаар суралцах ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан бусад зохицуулалт, ажилтны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговрын тухай заалт нэгэн адил үйлчилнэ.

Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ

Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Тус гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалин тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байна. Улирлын шинжтэй ажлыг нэг удаа гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд, эсхүл түр ажлын байранд ажиллуулах тохиолдолд ажилтантай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хуулиар хориглосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн гэрээний төрлүүд

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлсэн найруулга энэ оны 1-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа холбогдох өөрчлөлтүүдийг хийсэн байх аа. Гэсэн хэдий ч хараахан бүх ажил олгогч нар ийнхүү өөрчлөлтүүдийг хийж амжаагүй байж мэдэх юм. Тэдгээр ажил олгогч нарт дэм болох үүднээс хуулийн шинэчилсэн найруулгаар ямар ямар төрлийн хөдөлмөрийн гэрээ зохицуулагдах болсон тухай дурдая.

Хуулийн шинэчилсэн найрууллагад өмнөх хуулиас илүү олон төрлийн хөдөлмөрийн гэрээг зохицуулсан байна. Аль ч төрлийн хөдөлмөрийн гэрээнд хуульд заасан гол нөхцлүүдийг заавал заах шаардлагатай ба төрөл тус бүрээр тусгай зохицуулалт хийжээ. Хөдөлмөрийн гэрээний төрлүүд хоорондоо ажил олгогчийн эрх зүйн байдал, ажил мэргэжлийн онцлог, ажлын байрны ажил үүрэг болон бусад холбогдох хүчин зүйлүүдээс хамааран ялгаатай байх юм.

Хуулийн шинэчилсэн найрууллагад ажилтантай байгуулах нийтлэг хөдөлмөрийн гэрээ (буюу ажил олгогч нь хуулийн этгээд байх)-г иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээнээс ялгаж зохицуулсан байна. Хуульд зааснаар иргэн туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтанг ажилд авахдаа энэ төрлийн хөдөлмөрийн гэрээг байгуулах юм. Ажил олгогч эдгээр ажилтантай ажил үүргийн онцлогийг харгалзан ажил, амралтын цагийг хуульд зааснаас өөрөөр харилцан тохиролцож болох бөгөөд ажил олгогчийн гэрт, эсхүл ажил олгогчийн өмчлөлийн болон эзэмшлийн байранд нь амьдарч, ажиллах бол тэдгээрийг хэвийн амьдрах нөхцөлөөр хангах үүргийг ажил олгогч хүлээнэ. Хуульд шинээр тусгасан бас нэг зүйл бол ажил олгогч иргэн, эсхүл ажилтны хүсэлтээр тэдний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид нийцэж байгаа талаар холбогдох төрийн захиргааны байгууллага зөвлөгөө өгөх ба зөвлөгөө өгсөн хөдөлмөрийн гэрээг бүртгэхээр зохицуулсан байна.

Харин ажил олгогч нь хуулийн этгээд бол ажилтантай дараах төрлийн хөдөлмөрийн гэрээг байгуулж болно гэж хуульд заасан байна. Үүнд, дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ, дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээ, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ, зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ тус тус байна. Анх харахад зарим гэрээний төрөл хоорондоо төстэй юм шиг санагдах боловч бүгд хоорондоо ялгаатай зохицуулалттай байгаа юм. Түүнчлэн хуульд ажиллах хүч нийлүүлэх гэрээний зохицуулалт орсон байна. Харин ажилд зуучлах үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулахгүй бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар зохицуулах юм.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль ирэх тавдугаар сард хэрэгжиж эхэлнэ

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг өнгөрсөн оны 12-р сарын 17-нд баталсан. Харин ирэх 5-р сарын 1-нээс дагаж мөрдөнө. Тус хууль нь одоо мөрдөгдөж байгаа Хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга бөгөөд одоо мөрдөгдөж байгаа хууль 5-р сарын 1-нээс хүчингүй болох юм.

Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд батлагдсан. Хууль хэрэгжээд 20 гаруй жил өнгөрөхөд нийгмийн харилцаа өөрчлөгдөн хувьссаар байна. Одоо мөрдөгдөж байгаа хуультай харьцуулахад хуулийн шинэчилсэн найруулгад тухайн хүнийг тодорхойлох мэдээллийн агуулга илүү өргөн болсон бөгөөд нууцын хууль гэхээсээ илүү хүний хувийн мэдээллийг хамгаалах зохицуулалттай байна. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хүнийг тодорхойлох мэдээлэлд хүний хувийн мэдээлэл (нэр, төрсөн огноо, төрсөн газар, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл гэх мэт хүнийг тодорхойлох мэдээлэл) болон хүний эмзэг мэдээлэл (үндэс, угсаа, шашин шүтлэг, эрүүл мэнд, захидал харилцаа, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа зэрэг мэдээлэл), түүнчлэн генетик болон биометрик мэдээллийг хамааруулсан байна.

Хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн шинэ зохицуулалт бий болсон. Тухайлбал, мэдээлэл хариуцагч хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс бичгээр зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна. Одоо мөрдөгдөж байга хуулийн дагуу хувь хүн мэдээллээ өөрөө хамгаалдаг концепци нь өөрчлөгдөж хувь хүн өөрийн мэдээллийг хадгалж хамгаалахаас гадна хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч нь мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах үүрэгтэй байхаар тогтоосон байна. Түүнчлэн харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ялгамжтай болгож, хүлээлгэх хариуцлагыг чангатгасан байна.

Мөн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлагыг тогтоож, эдгээр төхөөрөмжөөр хийсэн бичлэгийг ашиглах зохицуулалтуудыг тусгасан байна.

Орон сууцны  дуусаагүй барилгад гэрчилгээ олгохыг зогсоож магадгүй

Практикт захиалагч нь орон сууцны зориулалтаар барьж байгаа барилгадаа иргэдээс захиалга буюу урьдчилга төлбөр авах, барьж дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж дуусаагүй барилгын гэрчилгээ авч, тэрхүү авсан гэрчилгээг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авах тохиолдол түгээмэл байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллэснээр 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж дуусаагүй 552 барилгыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэж авсан байна. Үүнээс 123 баригдаагүй барилга банк, санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байна. Түүнчлэн тухайн барилга баригдаж дууссан ч тухайн орон сууцад байр худалдаж аваад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадахгүй байгаа 333 иргэн байгаа юм. Улмаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт авилга өгөх, танил талаараа яриулах зэргээр авилгын сүлжээ үүсгэх нөхцөл болж байгаа нь баригдаж дуусаагүй барилгыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэдэг зохицуулалтаас үүдэлтэй байна. Тиймээс дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт ““Орон сууцны зориулалтаар барьж байгаа барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэсэн заалт нэмэлт өөрчлөлтөөр оруулахаар холбогдох байнгын хороогоор хэлэлцэгдэж дэмжигдсэн бөгөөд УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр санал, дүгнэлт гарсан байна.

Барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчилж, нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгох ач холбогдолтой юм Түүнчлэн Иргэний хууль болон Газрын тухай хуулийг уялдуулах, түүн дотор нийтийн зориулалттай орон сууцтай холбоотой иргэдийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж буй зохицуулалтыг өөрчилж, боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр үндэслэн энэхүү өөрчлөлтийг хийж байгаа юм байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт

Өмнөх блогтоо бичиж байсан оюуны өмчийн тухай хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар үргэлжлүүлэн танилцуулъя. 2021 оны 5-р сарын 6-нд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус хуулийн шинэчилсэн найруулга 2010 онд батлагдсан ба үүнээс хойш зөвхөн 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Ийнхүү тус хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш барааны тэмдэгтэй холбоотой харилцаа хувьсан өөрчлөгдөж,  барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаанд зарим шинэ зохицуулалтууд бий болсон. Тухайлбал, барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжсан юм. Үүнтэй холбоотойгоор тус хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэн байна.

Ингээд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болсон шинэ зохицуулалтуудаас дурдвал:

  1. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр (Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр, Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ зэрэг)-т нийцүүлэн хуулийн нэр томьёог шинэчлэн тодорхойлсон.
  2. Хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй давхацсан барааны тэмдгийг бүртгэхгүй байх нөхцөлийг нэмж тусгасан.
  3. Дээр дурдсан шинэ зохицуулалттай холбоотойгоор Оюуны өмчийн газар (буюу барааны тэмдгийн шинжээч) хуулийн этгээдийн нэрийн сангаас шүүлт хийхдээ улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шүүлт хийх боломж бүрдсэн. Энэ зохицуулалт өмнө нь байгаагүй бөгөөд үүний улмаас улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн нэртэй адил, төстэй барааны тэмдгийг өөр этгээдийн өмчлөлд бүртгэх тохиолдол гардаг байсан.
  4. Барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянах үйл ажиллагаанд шинэ зохицуулалтууд бий болж мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа мэдүүлсэн барааны тэмдгийн ном зүй, илэрхийллийг албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлдэг болсон. Үүнтэй холбоотойгоор шинээр нэмэгдсэн бас нэгэн зохицуулалт бол ийнхүү нийтэд мэдээлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт сонирхогч этгээд эсэргүүцэл гаргаж болдог болсон юм. Өөрөө хэлбэл, одоо сонирхогч этгээд барааны тэмдгийг бүртгэхээс өмнө (буюу барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийж байх хугацаанд) болон дараа нь эсэргүүцэл гаргаж болох юм. Харин хуучин зохицуулалтын дагуу сонирхогч этгээд зөвхөн барааны тэмдэг бүртгэгдсэний дараа эсэргүүцэл гаргах боломжтой байсан юм.
  5. Барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг шинээр тусгасан.
  6. Бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө тус барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалтыг нэмж тусгасан.
  7. Барааны тэмдэг эзэмшигч болон газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн.

Ерөнхийдөө хуулийн нэмэлт өөрчлөлт нь өмнөх зохицуулалтуудаар давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтуудыг арилгаж, мэдүүлэг гаргах, мэдүүлгийн бүрдлийг хянах, мэдүүлэгт шүүлт хийх, барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэх, хэвлэх зэрэг зохицуулалтыг илүү нарийвчилж, тодорхой болгосон байна.

Оюуны Эрхийн Зөрчилтэй Бүтээгдэхүүнийг Гаалийн Хил Дээр Саатуулах Зохицуулалт

Монгол Улсад оюуны өмчийн эрхийн зөрчилөөс урьдчилан сэргийлэх зорилгоор оюуны өмчийн бүтээгдэхүүнийг гаалийн мэдээллийн санд бүртгэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар бид өмнө мэдээллэж байсан. Энэ удаа оюуны өмчийн эрхэд хамаарах барааны эрхийн зөрчлийг зогсоох нэг арга хэлбэр болох зөрчилтэй бүтээгдэхүүнийг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй, саатуулах зохицуулалтын талаар хүргэхээр бэлдлээ.

Оюуны өмчийн эрхийн зөрчилтэй бүтээгдэхүүнийг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй саатуулах асуудлыг Гаалийн тухай хуулийн 264 дүгээр зүйл болон Гаалийн ерөнхий газрын дарга болон Оюуны өмчийн газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 298/41 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-аар зохицуулж байна.

Оюуны өмчийн эрх эзэмшигч нь түүний эрхийг зөрчин барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл тухайн бараа гаалийн хяналтад байгааг нотлох хангалттай үндэслэл байгаа тохиодолд гаалийн байгууллагад барааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах тухай өргөдлийг гаргана.

Тус өргөдөлд эрх эзэмшигчийн талаархи мэдээлэл; оюуны өмчийн объектын талаархи мэдээлэл; өргөдөл гаргагчийн тодорхойлсноор хууль бусаар нэвтрүүлсэн байж болох барааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл; болон гаалийн байгууллагаас авах арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа тогтоох асуудлыг тусгасан байна.  Мөн өргөдөлд оюуны өмчийн болон барааны загварын гэрчилгээг хавсаргана.

            Гаалийн байгууллага оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг саатуулахдаа дараах нөхцөл шаардлагыг тавьдаг байна. Оюуны эрхийн зөрчилтэй бүтээгдэхүүнийг саатуулах өргөдөл гаргах үед оюуны эрх хүчинтэй байх, тухайн саатуулах бараа нь гаалийн хяналтанд байх (зоригчийн авч яваа, шуудангаар илгээсэн, дамжин өнгөрөх, шилжүүлэн ачих, чөлөөт бүсэд байгаа гэх мэт үед), тухайн саатуулах барааны нийт үнийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн барьцаа (хэрэв урьдчилан тодорхойлох боломжгүй бол 1500000 төгрөг), эсхүл банкны баталгааг Гаалийн байгууллагад гаргасан байхыг шаарддаг байна.

Энэхүү барьцаа нь хүсэлт гаргасан этгээд бараа бүтээгдэхүүн экспортлогч, импортлогч этгээдэд хохирол учруулахгүйн баталгаа болох бөгөөд хэрэв хохирол учруулбал түүнийг төлөхөд зарцуулагддаг байна.

Гаалийн байгууллага өргөдөл хүсэлтийг хүлээн авснаас хойш  ажлын 30 хоногийн дотор холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэдэг. Хэрэв гаалийн холбогдох байгууллага Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг саатуулах шийдвэрийг гаргасан бол Гаалийн ерөнхий газраар дамжуулан Оюуны өмчийн газар болон өргөдөл гаргагч, мөн шаардлагатай тохиолдолд эрх эзэмшигчид саатуулснаас хойш ажлын 7 хоногийн дотор мэдэгддэг байна.

Хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах

5 болон түүнээс дээш хувийн саналын эрхтэй энгийн хувьцаа эзэмшигч нь дараах 4 асуудлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад санал оруулахаар өмнөх санхүүгийн жил дууссанаас хойш 60 хоногийн дотор төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагад гаргаж болдог байх нь. Үүнд

  1. хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар;
  2. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хүний талаарх санал;
  3. тооллогын комиссын гишүүнд нэр дэвшүүлэх хүний талаарх санал;

( (ii) болон iii) aсуудлыг компанийн дүрэмд хурлаар хэлэлцэхээр заасан бол)

  1. гүйцэтгэх удирдлагад нэр дэвшүүлэх хүний талаарх санал.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар саналыг оруулахдаа тодорхой шаардлага, шалгуур хангах ёстой. Ингэхдээ саналаа бичгээр гаргах бөгөөд санал гаргах үндэслэл, санал оруулж байгаа хувьцаа эзэмшигчийн овог нэр, түүний эзэмшлийн хувьцааны төрөл (энгийн эсвэл давуу эрхийн гэх мэт), тоо (хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаа тоо)-г тусгана.

Төлөөлөн удирдах зөвлөл, тооллогын комиссын гишүүн болон гүйцэтгэх удирдлагад нэр дэвшүүлбэл нэр дэвшигчийн овог нэр, (хэрвээ компанийн хувьцаа эзэмшигч бол хувьцааны тоо төрөл), нэр дэвшүүлж байгаа хувьцаа эзэмшигчийн овог нэр, хувьцаа төрөл, тоо, нэр дэвшүүлж байгаа үндэслэлээ дурьдах ёстой.

Шийдвэр гаргахад дээр дурьдсан шалгуурууд чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Саналыг шийдвэрлэх процесс

Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй тохиолдолд гүйцэтгэх удирдлага ирүүлсэн саналыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ ирүүлсэн санал нь дээр дурьдсан шаардлагыг хангасан эсэхийг шалгаад хэрвээ хангасан бол уг саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах үүрэгтэй. Хэрвээ санал нь шаардлага хангаагүй бол татгалзсан шийдвэрийг шийдвэр гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор санал гаргасан хувьцаа эзэмшигчид хүргүүлнэ.  

Хэрвээ санал гаргагч татгалзсан шийдвэртэй санал нийлэхгүй бол энэ талаар шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй.