Tag Archives: Арилжааны

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт

Өмнөх блогтоо бичиж байсан оюуны өмчийн тухай хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар үргэлжлүүлэн танилцуулъя. 2021 оны 5-р сарын 6-нд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус хуулийн шинэчилсэн найруулга 2010 онд батлагдсан ба үүнээс хойш зөвхөн 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Ийнхүү тус хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш барааны тэмдэгтэй холбоотой харилцаа хувьсан өөрчлөгдөж,  барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаанд зарим шинэ зохицуулалтууд бий болсон. Тухайлбал, барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжсан юм. Үүнтэй холбоотойгоор тус хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэн байна.

Ингээд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болсон шинэ зохицуулалтуудаас дурдвал:

  1. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр (Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр, Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ зэрэг)-т нийцүүлэн хуулийн нэр томьёог шинэчлэн тодорхойлсон.
  2. Хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй давхацсан барааны тэмдгийг бүртгэхгүй байх нөхцөлийг нэмж тусгасан.
  3. Дээр дурдсан шинэ зохицуулалттай холбоотойгоор Оюуны өмчийн газар (буюу барааны тэмдгийн шинжээч) хуулийн этгээдийн нэрийн сангаас шүүлт хийхдээ улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шүүлт хийх боломж бүрдсэн. Энэ зохицуулалт өмнө нь байгаагүй бөгөөд үүний улмаас улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн нэртэй адил, төстэй барааны тэмдгийг өөр этгээдийн өмчлөлд бүртгэх тохиолдол гардаг байсан.
  4. Барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянах үйл ажиллагаанд шинэ зохицуулалтууд бий болж мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа мэдүүлсэн барааны тэмдгийн ном зүй, илэрхийллийг албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлдэг болсон. Үүнтэй холбоотойгоор шинээр нэмэгдсэн бас нэгэн зохицуулалт бол ийнхүү нийтэд мэдээлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт сонирхогч этгээд эсэргүүцэл гаргаж болдог болсон юм. Өөрөө хэлбэл, одоо сонирхогч этгээд барааны тэмдгийг бүртгэхээс өмнө (буюу барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийж байх хугацаанд) болон дараа нь эсэргүүцэл гаргаж болох юм. Харин хуучин зохицуулалтын дагуу сонирхогч этгээд зөвхөн барааны тэмдэг бүртгэгдсэний дараа эсэргүүцэл гаргах боломжтой байсан юм.
  5. Барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг шинээр тусгасан.
  6. Бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө тус барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалтыг нэмж тусгасан.
  7. Барааны тэмдэг эзэмшигч болон газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн.

Ерөнхийдөө хуулийн нэмэлт өөрчлөлт нь өмнөх зохицуулалтуудаар давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтуудыг арилгаж, мэдүүлэг гаргах, мэдүүлгийн бүрдлийг хянах, мэдүүлэгт шүүлт хийх, барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэх, хэвлэх зэрэг зохицуулалтыг илүү нарийвчилж, тодорхой болгосон байна.