Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал гэж зарлаад байгаа Коронавирус (COVID-19)-ийн тархалтаас үүдэлтэй Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлээд буй хорио цээрийн онцгой нөхцөл бизнес эрхлэгч хувь хүн хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндээр тусч эхлээд байна.
Энэ нь бизнес эрхлэгч нар зээлийн төлбөр, хүү, түрээсийн төлбөр зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй байх эрсдэлийг бий болгож байна.
Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал хүндэтгэн үзэх үндэслэл болох ба талуудын гэрээгээр хүлээж буй үүрэг, хариуцлага болон эрсдэлийг хуваарилах асуудлууд тулгарч байна.
Иймд бид үйлчлүүлэгчиддээ энэ хүнд үеийг хохирол багатай туулж гаргах арга зам, гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх боломжийг эрэлхийлсэн хууль зүйн гарц, зөвлөгөө туслалцааг үзүүлж байна. Гэрээний үүргээс чөлөөлөгдөх давагдашгүй хүчин зүйлийг нотлох баримт нь давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ юм.
Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Худалдаа аж үйлдвэрийн танхим нь “давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх” бүрэн эрхтэй байхаар хуульчилжээ.
Тиймээс, талууд хоорондоо гэрээний үүрэг биелүүлэх, биелүүлж байх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд МҮХАҮТанхимаас “Force majeure” буюу Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон “Hardship” буюу Хүнд нөхцөл байдал”-ын баталгаа гаргаж өгдөг.
“Баталгаа” гаргуулахыг хүсэгч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага МҮХАҮТ-д дараах материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:
- Баталгаа гаргуулах тухай хүсэлт
- Гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /монгол хэлээр/
- Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Тухайн нөхцөл байдлыг нотлох бусад баримт бичиг
Хэрэв та дээрх нөхцөл байдал дахь өөрийн эрх, үүрэг хариуцлагын талаар зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.